ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэтгэлд хөглөгдсөн Хүслийн уул

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-05-02

Хуйсагнуур салхитай, хааяа нэг цас бударсан өдөр Хамрын хийд, Хүслийн ууланд очлоо. Энэ нутгийн салхи нэг л уяруу сайхан. Салхины аясаар найгах өвсний толгойноос сар жилүүдийн тэртээх дурсамж хөглөсөн эр хонгор аялгуу зөөлхөн урсана. Зуны халуун наранд нозоорон усан цэнхэр зэрэглээ хөвөлзөн байдаг дорнын говь өнөөдөр хуртай угтлаа. Хүслийн уул цасан хямрага дунд тодорч, бүдгэрч харагдах нь он цагийн нэхээсийг хөвөрдөн, сэтгэлийн минь нууцхан гунигийг хөглөв. Энэ л нутагт миний олон дурсамж, баяр, гуниг нуугдаж хоцорсон. Би Хүслийн уулын бэлд гурав дахь удаагаа ирчихээд зогсож байна. Анх гурван настай байхдаа Хүүхэлдэйн театрын уран бүтээлчидтэй хамт ирж, энэ нутгийнханд “урлагаар үйлчлэх” үүргийг аавынхаа гараас хөтлөн гүйцэтгэсэн. Гэхдээ үүнийг мэдэхгүй л дээ. Аавтайгаа болон Хүүхэлдэйн театрын уран бүтээлчидтэй хамт авахуулсан багын зураг ийн өгүүлдэг. Харин дараа нь цэргийн албанд татагдаж Зүүнбаянгийн 205 дугаар ангид гурван жил болж, Хүслийн уулын бэлд олон аавын хүүтэй тэмцэлдэж, нөхөрлөж, дуулж авсан он жилүүд ард хоцорчээ.

Энэ нутгийн торгон шаргал элсэн дээр аавынхаа гараас хөтөлсөн гурван настай хүүгийн тэнтэр тунтар алхсан хөлийн мөр бий. Эрийн цээнд хүрсэн залуу аавыгаа дагуулаад Зүүнбаянгийн дивизийн гадна төрхийг танилцуулж яваа мөр ч байгаа. Ид цэцэглэж явсан залуу насны гурван хаврын хөг үлдсэн. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан гурван намрын уйтай, дуутай, хөгтэй, хөгжөөнтэй дурсамжууд хоцорсон. Гурав дахь удаагаа “Монголын мэдээ” сонины томилолт өвөрлөж, маркетингийн ажилтан М.Даваадуламын хамт ирчихээд Хүслийн ууландаа мөргөөд зогсч буй нь энэ. Бид хоёрыг Зүүнбаянгийн цэргийн найз хошууч н.Сүхбаатар маань газарчлан унаагаараа үйлчилж, сэтгэлийн мухарт хадгалагдсан цэргийн дурсамжийг сэргээж явлаа.

Хүслийн ууланд сэржим өргөж зогсоход аавтайгаа уулзаж байгаа мэт мэдрэмж төрж, аав минь тэнгэрийн цагаан заадас хүлэглэн тэмээн чинээ хэсэг цагаан үүл хөтлөн, ганц хүүгийнхээ алсыг замыг ариутгаж байх шиг зөөлхөн цагаан цас хацар илбэж билээ. Хааяа ширүүн салхи энгэр заам сэрвэлзүүлэн алгадах нь “эр хүн бэрхшээлийн өмнө хатуу бай” гэж хэлэх шиг санагдлаа. Зээгийн хөтөл нүдний үзүүрт торолзоно. Энэ л хөтлөөр ээж минь хүүгээ санасан сэтгэлээ өвөрлөн, халуун наранд нүүрээ үрчийлгэн ачааны машин дээр сэгсчүүлж явсан даа гэж бодохоор нулимс өөрийн эрхгүй асгарлаа. Нарны алтан цацрагт бүлээсэн байдаг шаргал говийн уйтай ч юм шиг, уярмаар ч юм шиг гэгэлгэн хонгор аялгуу мөнхөд зүрх рүү минь эгшиглэдэгсэн. Энэ өдөр мөн л ийм л аялгууг ижий, аав хоёр минь хүү рүүгээ илгээж байх шиг сэтгэл гэгэлзээд ирэхэд өөрийн эрхгүй самсаа шархирч, хаа холын дурсамжийг зүрхэндээ баринтаглаж зогслоо. Он цагийг үдэж өнгөрүүлсэн нутаг гэдэг олон сайхан дурсамжийг сэдрээж, сэтгэл хөглөдөг юм байна.