ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Боломж шүүрэгч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-07

Өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь өөрийнх нь хүсэлтээр огцруулсан билээ. С.Зориг агсны амиа алдсан хэрэгт холбогдуулан хоёр хүнийг ёс бусаар тамлаж, хэрэг хүлээлгэсэн, энэ асуудлыг мэдсээр байсан атлаа ял оноосон гэх үндэслэлээр хууль, шүүхийн байгууллагын олон хүн ажлаа өгсний нэг нь тэр байсан юм.

Ц.Зориг нь есөн жилийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллахдаа ганц удаа хурал даргалсан нь С.Зориг агсны хэргийн шүүх хурал байсан гэх мэдээлэл ч хэвлэлээр гарч байлаа. Тэгвэл орны хүн нь хэн байх вэ гэсэн марафон өнгөрсөн хугацаанд өрнөв. Ерөнхийлөгчийн тухайд аль нэг нам эвсэлд харьяалагддаггүй, салбартаа мэргэшсэн боловсон хүчнийг санал болговол дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Тэр ёсоор Улсын дээд шүүх хуралдаж, Эрүүгийн танхимын шүүгч Д.Ганзоригийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр санал болгосон нь саяхных. Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжээгүй юм. Тиймээс Дээд шүүх өчигдөр дахин хуралдаж Захиргааны танхимын шүүгч Х.Батсүрэнгийн нэрийг санал болгожээ. Х.Батсүрэнгийн тухайд одоогоор сайн, муу асуудалд нэр холбогдоогүй явж байна. Танхимын шүүгчид дундаа харьцангуй нэр хүндтэй нэгэн бөгөөд Увс аймгийн Улаангом суманд төржээ.

ЗХУ-ын Дотоод явдлын яамны академи, ХБНГУ-д Их сургууль төгссөн эрхзүйч мэргэжилтэй төрийн албан хаагч юм. 1989 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж, 2011 оноос Шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа нэгэн юм. Шүүх байгууллагад 15 жил ажилласан бөгөөд Монголын шүүгчдийн холбооны тэргүүнээр 2014 онд сонгогдож байжээ.

Энэ хугацаандаа муу нэр зүүгээгүй, ихэвчлэн байгууллага хоорондын тендерийн болон үл хөдлөх хөрөнгийн маргаантай холбоотой асуудалд шүүгчээр ажиллаж байжээ. Тэр эхний даваанд Д.Ганзоригт ялагдсан ч хоёр дахь боломж гарч ирлээ. Энэ боломжийг шүүрч чадаж гэмээнэ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллана. Хэрвээ Ерөнхийлөгч дэмжиж гэмээнэ Ерөнхий шүүгчийн албан тушаалд “ногоон гэрэл”-ээр очно. Харин энэ албан тушаалыг буруугаар ашиглаж, эрх мэдэлтэн, эсвэл улс төрийн намд үйлчилдэг “утсан хүүхэлдэй” болохгүй ажиллаасай гэсэн хүлээлт нийгэмд байгааг дахин сануулъя.