ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Салаавчны аварга”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-09

Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат,  Дархан аварга А.Сүхбат гэдэг зүлэг ногоон дэвжээг чимсэн, уран барилдаанаараа гайхуулсан аваргатай байлаа.  Тээр жил олон хүний нүдэнд нулимс хуруулан цэл залуугаараа зодог тайлж байв. Тун удалгүй МАН-ын харьяат, амьтны сүв судлаач А.Сүхбат гэдэг гишүүнтэй болсон.  

2016 оны сонгуулиар Төв аймагт өрсөлдөж, саарал ордны зөөлөн сандалд тухлах эрхтэй болсон билээ.  Хууль тогтоох дээд байгууллагад гурван жил “суралцахдаа” сайнаар ч, муугаар ч тодорсонгүй. Ядаж л бохь зажилж, боов идэж “од” болоогүй. Үндэсний бөхийн уран мэхт, дархан аварга тулдаа л хэн ч танихгүй үлдээгүй.

Харин ойрноос амь орох гэж хичээж, Туул голд хайр зарлаж гүйлээ. Голын бүх загас эм сүвтэй болсон талаар “судалгааны бүтээл” ярьж, “од” болж байна.  Тун удалгүй өөр нэг гишүүн рүү салаавч гаргаж, барилдахаас өөрийг хийж чаддаг гэдгээ батлан харууллаа.  

Нийтдээ 10-аад секундын турш салаавчаа гаргасан нь аргагүй л аварга хүний зангарагыг харуулж байх юм. Ганц ч олигтой хуулийн төсөл санаачлаагүй, бодлого ярьж, ард иргэдэд хэрэгтэй ажил хийгээгүй эрхэм аваргад нэг зүйлээр ч болов онцгойрох шаардлага байсан биз дээ. Санасандаа ч хүрлээ. Дархан аварга гэдэг цол, уран барилдаж явсан түүх нь л үлдсэн. Тийм болохоор аварга цолоо хамгаалж үлдэхийн тулд ядаж “салаавчны аварга” болохыг зорьсон байлгүй. Гишүүн хүний хийдэг л зоригтой алхам. Дараа бусад гишүүд дургүй хүргээд байвал барьж аваад гар аччихаарай. Тэр жил Д.Сумъяабазар сайдыг ачдаг шиг ээ.