Улсын хэмжээнд ахмадуудыг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газар амраадаг. Энэ жил Засгийн газрын тогтоолд ямар өөрчлөлт орсон болон бусад асуудлаар ХХҮЕГ-ын Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас тодрууллаа.
-Энэ жил хэчнээн амралт, сувилалд ахмадууд амрах вэ. Шинээр өөрчлөлт орсон уу?
-Манайх 2018 онд ахмадын зориулалттай 106 амралт, сувилалын газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. 106 байгууллагаас 47 байгууллага нь амралт, үлдсэн 59 нь сувиллын үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ жилийн амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалт одоо явагдаж байна. 2019 онд амралт, сувилалд амрах хөнгөлөлтийн хэмжээ, хоног тогтоосон Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орсон. Өмнө нь амралт, сувилалд ахмад настан 10 хүртэлх хоногоор амарч, халамжийн сангаас нэг ор хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлд авдаг байсан. Харин шинэ тогтоолоор амралтын газар долоо хүртэлх хоног амраад, 20 мянган төгрөгийн хөнгөлөлт авдаг болсон.
-Ээж аавынхаа нэрээр, эсвэл хэн нэгэн өндөр настны өмнөөс амрах боломжтой юу?
-Амралт, сувиллын газруудтай хүний нэрийг ашиглан өөр хүн амрааж, зөрүү мөнгийг нэхэмжилсэн бол гэрээ цуцлах тухай хатуу сануулсан байгаа. Тийм тохиолдол мэр сэр гардаг. Гол нь ахмад настнууд өөрсдөө зөвшөөрч, оролцсон байдаг л даа. Өөрөөр хэлбэл, манайхаас хяналт шалгалт хийгээд “Та амарсан уу” гэхээр “Би амарсан” гэдэг. Гэтэл тухайн халамжийн мэргэжилтнүүд энэ хүн яваагүй, өөр хүн явсан гэх мэтээр асуудал үүсдэг. Тухайн эрх нь үүссэн ахмад настан өөрөө амарсан гэж бидэнд мэдэгдээд байхад арга хэмжээ авах боломжгүй болчихоод байгаа юм. Гэхдээ манай байгууллагаас энэ асуудалд хяналт тавьж байгаа. Энэ хэрээр ийм төрлийн асуудал сүүлийн үед багассан.
-Ахмадууд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ. Үнэ төлбөргүй амрах боломж байхгүй юу?
-Ахмад настны хууль болон ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд ахмад настан үнэгүй амарч сувилуулахаар заагаагүй. Зөвхөн эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амрахаар заасан. Мөн эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настан харьяа сум, хорооний Халамжийн мэргэжилтэнд иргэний цахим үнэмлэх, өргөдөл болон амралт, сувиллын газарт өөрийн хариуцах хэсгийг төлсөн баримтаа өгснөөр хөнгөлөлттэй үнээр амрах эрхийн бичгийг олгодог. Манай байгууллагаас тухайн амралт, сувиллын газартай өдрийн 30 мянган төгрөгөөр тооцож гэрээ байгуулдаг. Тэгэхээр ахмадууд 10 мянган төгрөг, халамжаас 20 мянган төгрөг төлнө гэсэн үг. Тэрнээс бол үнэ төлбөргүй амарна гэж байхгүй. Зарим тохиолдолд ХХҮЕГ-тай гэрээ байгуулсан цөөхөн амралт сувиллын газрууд халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээгээр буюу 20000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх нь бий. Ахмадуудаас огт мөнгө авахгүй гэсэн үг шүү дээ.
-Тэдгээр амралт, сувиллын газрууд ахмадуудыг эмчлэх, сувилах талаар хэр хангалттай ажиллаж чаддаг вэ?
-Сувиллын байгууллагууд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авдаг, мөн сувиллын стандартын дагуу, мэргэжлийн боловсон хүчин ажиллуулдаг. Энэ хэрээр зардал өндөр гардаг. ХХҮЕГ-аас ахмад настнуудад амралт сувиллын үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн хөтөлбөр баталж, хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Сонгон шалгаруулалтдаа танай байгууллага долоо хоног ахмадыг амраалаа гэхэд, эхний өдрөөс эхлэн ямар чиглэлийн үйлчилгээ ахмад настанд үзүүлэх вэ гэдгийг шалгана. Сүүлийн жилүүдэд ахмадууд амралт гэхээс илүү сувилалд амрах сонирхолтой болсон. Мөн ХНХЯ-аас бодлогоор дэмжээд, амралтын газарт долоо хоног амрах уу, сувилалдаа 10 хоног амрах уу гэдгийг ахмадууд өөрсдөө сонгодог болсон.
-Рашаан сувиллын тухайд?
-Дотоодын магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллыг, амралт сувиллын үйлчилгээтэй андуурч ойлгож болохгүй. Ахмад настны тухай хуулийн 8.1.2-т Засгийн газар баталсан хөнгөлөлтийн хэмжээгээр амралт сувиллын аль нэгэнд нь жилд нэг удаа амарна гэсэн заалт бий. Дотоодын магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгээс илгээх картаар явах эрхтэй. Тухайн ахмад настны овог нэр, регистрийн дугаар, ямар өвчний улмаас, ямар рашаан сувилалд хэвтэх шаардлагатайг тодорхойлсон мэргэжлийн эмчийн гарын үсэгтэй байдаг. Энэ бичгээ аваад ЭМЯ-аас магадлан итгэмжлэгдсэн дотоодыг 15 рашаан сувилалд өөрөө очоод сувилуулна гэж ойлгох хэрэгтэй. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тооцно төлбөрөө 100 хувь төлнө. 100 хувь төлсний дараа баримтаа харъяа аймаг дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, мөнгө төлсөн баримт, илгээх картаа өгөхөд манай мэргэжилтнүүд шалгах юм. Үнэхээр амарсан байвал ахмад настанд рашаан сувилалд төлсөн мөнгөний 50 хувийг олгодог журамтай.