ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Авлигачдыг өөгшүүлэгч”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-12

Одоогоос хоёр жилийн өмнө МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр,  албан тасалгаанаас 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юанийг АТГ-ын тусгай ажиллагаагаар хураан авч байв. Их хэмжээний мөнгөний хэрэгтэй холбогдуулан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 албан тушаалтныг хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуй нэгжид зөвшөөрөл өгдөг. Өгөх өгөхдөө бүр хааж боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. 

Тэдний хэргийг өнөөг хүртэл хуулийн байгууллагаас шалгаж , прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэвч тавдугаар сарын 6-ны өдөр шүүхээс уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 40 сая төгрөгөөр торгоод өнгөрчээ. Олон нийтийн зүгээс шүүх, прокуроын байгууллага ийм шийдвэр гаргалаа хэмээн чичилж байсан ч, цаад хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өөр хүн болж таарлаа. 

Авлигачдыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр өмгөөлөх хуулийг санаачлан батлуулж, сүргийн манлай хуц, ухна болсон хүн нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд бололтой. Авлига авсан байцаагч нар нь Ш.Раднаасэдэд мөнгөө өгдөг байсан тухай ч дурдаад авсан. Завхарсан өөрчлөлтийн ачаар үлдсэн, балагтай хоёрын нэг нь түүний найз,  нөгөө нь Ш.Раднаасэдийг МХЕГ-ын даргын албыг хашиж байх хугацаанд хамтран хор найруулдаг байсан гэлцдэг.

Тэгэхээр энэ хэргийг хаацайлахын тулд 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд тэрбээр хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтийг санаачлан, дэмжүүлсэн ч юм шиг. Өөрөө хуульч хүн хэрнээ ийм увайгүй үйлдэл гаргаж, амиа хоохойлж суух нь залуу хүнд баймааргүй араншин гэлтэй. Тэрбээр хэв­лэлийнхэнд энэ хэрэгт  ямар ч холбоогүй хэмээн мэлзэж яваа харагдсан. Ардын хүүхдэд олддоггүй хөөн хэлэлцэх хугацаа хэн нэгний эрх ашгийг хаацайлахын тулд амархан дуусдгийн жишээг Ш.Раднаасэд болон түүний нөхдөөс харж болох нь.