“Монголд байгаа цөөхөн хэдхэн мэргэшсэн дипломатчдын нэг” хэмээн тоож явсан нэгэн улстөрчийн талаарх үнэлэмж сүүлийн үед унах болов. Үг, үйлдэл нь нэгхэн жилийн дотор эрс өөрчлөгдөж, “поп”-уудын эгнээнд зүй ёсоор элссэн тэр улстөрч бол Лу.Болд юм. Энэ хүн гадаад харилцааг удирдаж, мэргэжлийн дипломатч хүний өнцгөөр асуудалд ул суурьтай хандаж байхад олон хүн үнэлж, бас даган дууриадаг байлаа. Би ч мөн адил ярилцлага авахдаа үнэ цэнтэй ярилцагч хэмээн ихэд тоож, үг бүрийг нь олонд хүргэхсэн гэж хичээж явлаа. Гэвч тэр үнэлэмж өнөөдөр шалаар хөглөрлөө.
Өдгөө Ж.Батзандан, С.Жавхлан нарын “поп”-уудтай нэгдчихээд хийрхэж явахад нь үнэлэх гэхээс илүү үл тоох, доромжлох хүмүүс нь олон болжээ. Нийт массаараа өөрийг нь үнэлж байгаа юм шиг харагдавч энэхүү хөөсрөл цаг хугацааны хэмжүүртэй гэдгийг Л.Болд гэдэг улстөрч мэдэхгүй байна уу, эсвэл мэдэхийг ч хүсэхгүй явна уу. Яг л Ц.Элбэгдоржийг, С.Баярыг, С.Баярцогтыг шилдэг нь хэмээн тэнгэрт тулгачихаад дараа нь юу ч үгүй гишгэлж, дэвсэлж байсан шиг хувь тавилан түүнийг угтаж байгаа. Л.Болд, Ж.Батзандан шиг үнэнийг хэлдэг улстөрч байхгүй гэх хоромхон зуурын хийрхэл нь үнэ цэнгүй болох цагт энэ хүн яана даа. Түүнээс цааш газар олдох болов уу гэж эрхгүй санаа зовних. Сүүлийн үед хийрхэл нь улам бүр дэвэрч, хууль шүүхийн өмнөөс ажлыг нь хийх гэж оролдож байна, энэ хүн.
Өөрөө гар өргөж баталчихсан хуулийн зүйл заалтыг өрөөлд чихэх гэж оролдох юм. Нэг хүнийг тахин шүтдэг үзэл суртлыг эрчимтэй сурталчилж “Л.Оюун-Эрдэний хэлсэн үг, зургийг ханандаа өлгө” хэмээн “дэмийрч” байна. Үүнээс илүү шившиг гэж байх уу. Хайран нэр хүнд, улстөрчийн зангараг. Л.Оюун-Эрдэнэ гэх залуугийн үг бүрийг жиргэж, мэдээнийх нь линкийг шэйрлэж “хэвлэлийн төлөөлөгч”-ийнх нь ажлыг хийх хүртлээ нэр хүндгүй болчихсон гэж бодсонгүй явав. Юутай гунигтай. Нөгөө дипломатч мэргэжил, үнэ цэнтэй боловсрол мэдээ шэйрлэх төдийхнөөр хэмжигддэг болсон гэхээр хайран.
Б.Эрхэс