ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганболд: “Улаанбаатар Марафон”-д Кени улсын өндөр зэрэглэлтэй тамирчид оролцоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-15

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто машингүй өдөр” -ийг зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, хотын төвийн 11 гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Улмаар эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж. Тиймээс иргэдийг ажил, амралтаа зохицуулах хэрэгтэйг санууллаа.  Энэ өдөр “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн өглөөний 07.00-17.00 цагийн хооронд явагдах аж. Энэ талаар Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Б.Ганболдоос тодрууллаа.

-Энэ жилийн “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тухайд өмнөх жилээс юугаараа онцлог нь юу бол? 

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны 440 дүгээр захирамжаар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 18-ны өдөр нийслэлд зургаа дахь удаагаа зохион байгуулах бэлтгэл хийгдэж байна. Энэ жилийн хувьд нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа юм. Мөн 21 километр, 095 метрийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, таван километрийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгож өөрчилснөөрөө онцлог болж байна. 

-Гүйлтийн тэмцээнд иргэд ихээ­хэн ач холбогдол өгдөг болжээ?

-“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх,  гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог  нэмэх,  өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж,  зорилгодоо хүрэх, тэсвэр хатуужил, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг бий болгох давуу талтай. Мөн иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжиж, гадаад дотоо­дын иргэдийг хамруулж чад­лаа. 2014 оноос эхлэн жил бүр амжилт­тай зохион байгуулагдаж буй иргэдийн хүсэн хүлээдэг томоо­хон арга хэмжээ болсон. Гүйл­тэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839 иргэн гүйж байсан бол, сүүлийн жилүүдэд зөвхөн нийслэл­чүүд ч гэлтгүй хөдөө орон нутгийнхан, манай улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэд,  хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогч,  олон улс, тив дэлхийд  танигдсан нэртэй тамирчид оролцдог болсон. 2018 онд л гэхэд  35 мянган хүнийг хамруулж чаджээ. 

-Одоогоор хэчнээн хүн оролцохоор бүртгүүлсэн бэ?

-Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах оролцогч дэмжигчийн тоог нэмэх, сурталчилгаа мэдээллийг  өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай  орчинг бүрдүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Улаанбаатар Марафонд Засгийн газар, салбарын яам агентлаг, нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллага,  бүр шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага болон  улстөрчид, урлаг спортынхныг татан оролцуулна. Ингэхийн тулд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд 2019 оны гуравдугаар сарын 18-аас тавдугаар сарын 16-ны хооронд 60 хоногийн хугацаатай аялуулж, 17833 хүн онлайнаар бүртгүүлээд байна. 

-Ямар ямар орнуудаас тамирчид оролцохоор хүсэлт гаргасан бэ?

-Гадаадаас ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг орнуудын тамирчдад урилга хүргүүлсэн. Одоогоор Кенийн өндөр зэрэглэлтэй зургаан тамирчин оролцохоор саналаа ирүүлсэн. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч буй ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Франц,  Канад, Герман, Австри, Австрали, Сингапур зэрэг 19 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл нийт 274 хүн бүртгүүлээд байна. 

-Энэ жил шагналын санг өндөр зарласан байсан. Энэ талаар тодруулаач? 

-Шагналын хувьд бүтэн марафон гүйлтэд 10 сая төгрөг, хагас марафонд таван сая, 10000 метрт 500 мянган төгрөгийн шагналыг нэгдүгээр байр эзэлсэн тамирчдад гардуулна. Бүх гүйлтийн хэмжээнд аравдугаар байр хүртэл мөнгөн шагналтай.  Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй бөгөөд энгэрийн дугаар олгохгүй байхыг  иргэд анхаарах хэрэгтэй юм. Бүртгэлийг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороонд, гадаад иргэд болон 10, 21, 42 километрийн зайд оролцогчдыг  Монголын Хэт холын марафон гүйл­тийн холбоонд энэ сарын 16-ны өд­рийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ.  Нийс­лэлд энэ өдөр 07:00 цагаас зам хааг­даж, марафонд оролцогчид Сүхбаатарын талбайд 08:00 цагт цугларах ёстой.