ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зоригт шонхор”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-15

Мэргэжил эзэм­шихэд нас, хүйс, эр эм байх нь хамаагүй гэдгийг нот­олж, Монгол Улсын нисэх хүчний салбарын түүхэнд нэрээ мөнхөлсөн гайхалтай үзэсгэлэнт эмэгтэйг энэ удаа “Өдрийн хүн” буландаа онцлоё. Хэн хүсч, хэн зүтгэж, хэн тэмүүлж байгаа нь ямар ч салбарт манлайлагч байдгийг харуулсан нисгэгч эмэгтэйг Х.Энхжин гэдэг. Монголын нисэх хүчний салбарт 1934 оноос хойш 12 эмэгтэй нисгэгч байсан билээ. Харин түүний хувьд 13 дахь эмэгтэй нисгэгч бөгөөд Монгол Улсын нисэх хүчний шинэ үеийн түүхэнд албан ёсны эрхээ авсан анхны эмэгтэй нисгэгч гэж бичигдэж байгаа учраас ийнхүү онцлохыг хүслээ.

Х.Энхжин нь “Сант” сургуулийг төгссөн. Харин сургуулиа төгссөний дараа Канадад нисгэгчийн боловсрол эзэмшжээ. Энэ үзэсгэлэнтэй бүсгүй өдгөө “Хүннү Эйр” компанид ажиллаж байна. Оюутан байхдаа 280 цагийн нислэг үйлдсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд ATR-72 онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажиллаж байжээ. Харин энэ сарын 14-нд анхны бие даасан нислэгээ хийж, албан ёсоор нисгэгч болсон сайхан мэдээг дуулгая. Х.Энхжиний аав Хүрэлчулуун нь Хөвсгөл аймгийн уугуул. Түүний өвөө С.Лувсандаш нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул бөгөөд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, нутаг усандаа нэр хүндтэй нэгэн байсныг өдгөө ч хоймор нутгийнхан ярьдаг юм. Салбар бүртээ манлайлж, бас анхдагч болж чаддаг үлгэр жишээ залуусын төлөөлөл болж яваа үе тэнгийн бүсгүй чамд ажлын өндөр амжилт хүсье.

Зоригт шонхорын нисэх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай. Хүсэл мөрөөдөл чинь хязгааргүй, хөх тэнгэр шигээ уудам байг. Мөнгөн цагаан хөлөг чинь хад мэт бөх байж, Монголын нисэх хүчний салбарт илүү олон шинэ түүхийг бичээрэй гэж монголчууд сайхан үгийг чамд харамгүй хэлж байх юм. Басхүү бахархаж сууна, бид. Үеийн бүсгүй чамаар Монголын мянга, мянган залуус бахархаж байгаа. Хүсч тэмүүлсэн хэн бүхний өмнө боломж үргэлж нээлттэй байдгийг харуулж, олон залууст зөв үлгэр дууриалал үзүүлж буй Х.Энхжингийнхээ аяны дөрөөнд нь сүү өргөж сууя.