ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зогсоолд машинаа тавихдаа үргэлж бусдыгаа бодож бай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-15

Улаанбаатар хотод машин тавих хүрэлцээтэй зогсоолтой газар байхгүй. Дэлгүүр, үйлчилгээний газар, төрийн байгууллага гээд хаана ч очсон машин тавих зогсоол олддоггүй. Орон сууцанд амьдардаг иргэд орой гэртээ харихад хүртэл машинаа зогсоох зогсоолын төлөө “дайн” болдог. Зогсоолоо шийдчихсэн орон сууцны хороолол нүдний гэм.  Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр л зогсоолгүйн зовлонг эдэлж байна.  Тиймээс зовлон нэгтэй хүмүүс бусдыгаа боддог, ойлгодог байгаач. Залуус аа, хүмүүс ээ.  Байгаа багахан зогсоолынхоо өчүүхэн зайд машинаа хөндлөн хаячихаад алга болчихдог хүн байна. Жаахан шахаад тавьчихвал дахиад нэг машин багтахаар зай байхад өөрт нь л зогсоол олдсон бол боллоо гэсэн шиг хааш яаш байрлуулчих нэг нь ч байх юм.  

Тэгсэн мөртлөө өөрт нь зогсоол олдохгүй бол бусдыг элдвээр харааж, мангуу тэнэгээр нь дуудах.  Нийтээрээ соёлжихын тулд нэгээс эхлэх хэрэгтэй биз дээ.  Орон сууцны хороололд амьдарч байгаа иргэд хүртэл бусдыгаа бодохгүй. Нэг ч болов хүн машинаа шахаад тавиг гэдэг зовлон нэгтийн сэтгэлгээ алга. Бүр машин хааж тавьчихаад, алга болчихдог дүүрчихсэн тэнэг толгой ч олон бий. Утсаа үлдээхгүй, эсвэл унтраагаад өглөө унтчихна.  Өглөө ажилдаа явах, цэцэрлэг, сургуулийн хүүхдээ хүргэж өгөх гэсэн хүн аргаа барах тохиолдол ч бий.  

Ажлаас хоцорно, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүйд хүрнэ.  Үнэхээр зогсоол олдохгүй, аргаа барахдаа машин хааж тавьсан байж болно. Утасны дугаараа байнга үлдээж бай. Ядаж цаасан дээр бичээд ч болов. Утасны дугаараа үлдээсэн бол утсаа унтраахгүй, авч бай. Хэн ч, хэзээ ч, ямар ч шалтгаанаар яараад, машинаа гаргах болж болно.  Ийм л наад захын соёлд бүгдээрээ суралцах цаг болжээ.  Нэг л хотод, шавааралдаж, шамбааралдаж, зогсоолгүйн зовлонг эдэлж амьдарч байж.