ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Наранбаатар: Манай улс стрессээрээ дэлхийд дөрөвдүгээрт явж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

Сүүлийн үед гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл ойр ойрхон гарч, амиа хорлох тохиолдол ч гарч байна. Үүнийг олон нийтийн зүгээс сэтгэлзүйн зөвлөгөө, дутмаг байгаатай холбоотой гэх шүүмжлэл байгаа юм. Тэгвэл энэ төрлийн үйлчилгээг хаана үзүүлдэг, хэнд хандах, ямар үнэ ханштай байдаг талаар сэтгэлзүйч Г.Наранбаатараас тодрууллаа. 

-Сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлдэг хэчнээн байгууллага байдаг вэ. Хүчирхийлэлд өртөөд сэтгэлийн шархтай үлдсэн хүүхдүүдэд сэргээн засах сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хэр олон байна вэ?

-Сэтгэлзүйн заслын үйлчилгээ манай улсад уг нь байдаг. Сэтгэлзүйчид ч маш олноор бэлтгэгдэж байгаа. Гол нь үйлчлүүлэгчийн асуудал байгаа юм. Гад­ны орнуудад бол ямар нэг асуудалтай, зөр­чил­тэй хүмүүс хамгийн түрүүнд сэтгэлзүйчид ханддаг. Гэтэл манайд тийм дадал, соёл алга. Асуудлаа найз хүүхэндээ юм уу, ээждээ, ойр дотны хэн нэгэндээ ярилаа гээд тэр хүн мэргэжлийн сэтгэлзүйч биш учраас танд тус болохгүй. Тиймээс ямар нэг асуудал байгаа л бол юун түрүүнд сэтгэлзүйчид ханддаг байх хэрэгтэй юм. Одоогоор манайд төрийн статустай сэтгэлзүйн төв байхгүй. Гэхдээ сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг төрийн бус статустай маш олон байгууллага байдаг. Сэтгэлзүйн асуудалтай хүмүүс манайд болон бусад сэтгэлзүйн төвүүдэд хандахад үйлчилгээ нь бэлэн байгаа. Асуудлын гол нь сэтгэлзүйн үйлчилгээ дутмаг байгаадаа бус  аливаа асуудал гарахад сэтгэлзүйчид ханддаг байх, сэтгэлзүйчээс үйлчилгээ авдаг дадал байхгүй учраас л асуудал үүсээд байгаа юм. Сэтгэлзүйн төвүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 

-Сэтгэлзүйн маш олон төв байдаг гэж байна. Гэтэл энэ талаар мэдээлэл байдаггүй учраас л хүмүүс сэтгэлзүйчид хандаж чадахгүй байх шиг байна? 

-Энэ бол шалтаг. Иргэдийн хамгийн их сонсдог ФМ 104.5 гэхэд л хажуудаа сэтгэлзүйн төвтэй. Сэтгэл судлалын үндэсний төв, “Монгол өрх” зэрэг маш олон сэтгэлзүйн төвүүд байдаг. Интернетээс сэтгэлзүйн зөвлөгөө гэж бичээд хайхад л хэдэн зуугаараа гарч ирнэ.  Тэндээс та гэр бүлийн зөвлөгөө авах гэж байгаа бол гэр бүлийн зөвлөгөөгөөр дагнасан сэтгэлзүйчид, хүүхдийн сэтгэлзүйн асуудлаар хандах гэж байгаа бол хүүхдийн сэтгэлзүйчид гээд сонголтоо хийгээд үйлчлүүлэх бүрэн боломжтой. Ресторанд хоол идээд гарах хооронд л сэтгэл зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй байгаа нь илхэн харагддаг хүмүүс байдаг. Заримдаа сайн санааны үндсэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгье гэхэд тийм зав байхгүй, ажилтай, ажлаас чөлөө өгөхгүй гэсэн шалтаг хэлдэг. Тэгсэн атлаа найз нь хошин шог үзье гэхэд зав гаргаад гүйгээд очдог. Бид гэр бүлээ хошин шогоос доогуурт тавьж байна. 

-Сэтгэлзүйн зөвлөгөө үнэ ханшийн хувьд ямар байдаг юм бэ. Хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл байдаг юм билээ?

-Үнийн хувьд дунджаар нэг цагийн 15-210 мянган төгрөг. Цайны газраас нэг удаа хоол авч идэх хэмжээний л зардал шүү дээ. Гэр бүлийнхээ төлөө, хүүхдийнхээ төлөө ийм хэмжээний зардал гаргах уу үгүй юу гэдэг нь тухайн хүний л асуудал. Та цэвэрхэн байхын тулд гэртээ саван, шампунь байнга авдаг шиг, сэтгэлзүйн зөвлөгөө ч мөн танай гэрийн гол хэрэглээ байх ёстой. 

-Таньд өдөрт хэчнээн хүн хандаж байна. Үйлчилгээ авч байгаа иргэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Зөвхөн фэйсбүүкээр л гэхэд өдөрт 200-300 захидал хүлээж авдаг. Хүмүүс ярьж ирж байгаа сэдвээ л асуудлын гол нь гэж боддог нийтлэг алдаа байдаг юм. Гэтэл тэр нь асуудлын гол байдаггүй. Асуудалтай байгаа ихэнх хүмүүс хүүхэд ахуйдаа сэтгэлзүйн хүнд гэмтэл авчихсан байдаг. Амаараа юу идэж байгаа нь хүний бие махбодийн эрүүл мэндэд хамаатай байдаг бол нүд, чихээрээ юу харж, сонсож байгаа нь сэтгэлзүйн эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэгэхээр нийгэмд болж, өрнөж байгаа муу муухай бүхэн иргэдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. Манай улс стрессээрээ дэлхийд дөрөвдүгээрт явж байна. Ийм орны хувьд сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ хамгийн их хөгжсөн байх ёстой. Гэтэл хошин шог үзэх цаг гаргадаг мөртлөө сэтгэлзүйчид хандах цаг гаргадаггүй.  

-Сэтгэлзүйн зөвлөгөө авлаа гэхэд хэдий хугацаанд үр дүн гардаг юм бэ?

-Кэйс болгон ялгаатай. Үнэхээр хүнд кэйс бол зургаан сар, хөнгөн хэлбэрийн кэйс бол нэг улирал яваад сэтгэл зүйн эмгэгийг бүрэн эмчлэх боломжтой гэж үздэг. Хүмүүс утсаар зөвлөгөө авах гээд байдаг. Онлайнаар юмуу утсаар зөвлөгөө өгөх нь хууль бус. Манайд бол хөгжиж байгаа учраас одоохондоо хамаа, замбараагүй байгаа л даа. Сэтгэлзүйч хүн хүний ярьж байгаа ярианд дүгнэлт хийх ёсгүй. Тухайн хүний биеийн хэлэмж, илэрхийлэмжийг ажиглаж байж дүн шинжилгээ хийнэ. Ямар ч хүн өөрийгөө зөвтгөж, бусдыг буруутгасан л утгатай зүйл ярина шүү дээ. Тийм учраас нэг талаас нь дүгнэлт хийж болохгүй.