ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дүрдээ итгэгч”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-16

УИХ-д шударга хүний дүрийг илэрхийлэх гэж хичээсэн хэд хэдэн гишүүн гарч иржээ. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Зарим нэг поп гишүүдийг бодвол арай бага “уран бүтээл” туурвиж байгаа. Гэхдээ хааяа ялгарах гэж оролдож, оролдлого нь олигтой болоогүй дууссан жишээ ч бий. Ард түмний ясыг цайлгаж, махыг идэж байгаа Зөрчлийн хуул­ийн авторыг Х.Нямбаатар гишүүн гэдэг. УИХ-д суу­гаа 75 гишүүнээс хуул­ийн мэдлэгээрээ арай дөнгүүрт тооцог­доно гэж өөрийгөө тоодог энэ эрхэм сонгогдсоныхоо дараахан гол дүрд нь тоглож батлуулсан хууль нь Зөрчлийн хууль. Бүгд л зөрчилтэй Зөрчлийн хууль билээ гэж нэрлэж, засах ёстой гэдэг ч засаж чадаагүй явна.

Түүнээс хойш нэг их олон юмаар оролдоогүй “шударга фронт”-ын “дай­чин” шинэ хуул­ийн төсөл санаачил­жээ. Тэр нь Дэгийн тухай хуулиар орол­дох. Мэдээж энэ хуульд засч, сайжруулах ёстой заалтууд байгаа бизээ. Оруулах гэж байгаа өөрчлөлтүүд дунд нь хуулийг сайжруулах заалтууд ч багтаж байгаа гэдэгт итгэж байна. Тэр дундаа  УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, боди­той, судалгаа­ны үндэслэлтэй мэдээлэлд тулгуур­ласан байх­ыг шаардах заалт оруулах гэж байгаа нь таалагдлаа. Тэгэхгүй бол хамрын доорх хагархайгаараа хамаагүй зүйл бурдаг гишүүд олширсон.

Гэхдээ үг хэлж, асуулт асууж, хэрүүл хийж, попрохдоо индэрт гардаг болох нь ч бас хаашаа юм бэ. Тэртээ, тэргүй зөөлөн суудалдаа суугаад зөв, буруу ярихад нь камер мэлийтэл татаад авчихаж байгаа.  Индэрт гарч үг хэлээд, улсдаа хэрэгтэй ажил хийдэг болж засартал зай ч байна, лай ч байна. Жилээс жилд ашиг орлого нь нэмэгдэж байгаа язартлаа баяжсан хэдэн гишүүн гэнэт ухаан суугаад, улсаа хөгжүүлье гэж шийдэхгүй нь ойлгомжтой. Ажил хийсэн болж харагдах гэж байж болно. Гэхдээ энэ мэт илүү юм хийж, ад болж яах нь вэ дээ, гишүүн ээ.  Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр хэт их дүрдээ итгээд байгаа юм биш үү. Шударга ёсыг индэрт гарч тогтоодоггүй юм.