ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ичмээр дамшиг”

O.Admin
2019-05-19

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан 1990 оны шилжилтийн үед бидний аав ээж, картын бараанд очерлож, хүүхдүүдээ өлсгөхгүй гэж тэмцэж явсан билээ. Тэр цагаас хойш Монголын эдийн засаг аажим, аажмаар ахиж, дээшилсээр дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр юмгүй байсан тэр цаг үе үлгэр домог шиг л яригдаад өнгөрдөг болоод байв.

Гэтэл Ардын нам “МАНдуулна” гэсэн амлалт өгсөн энэ жилүүдэд ард түмэн маханд очерлох хүртлээ доройтдог цаг ирдэг юмсанж. Дэлгүүрийн лангуугаар мах нүдний гэм болж, 1000 төгрөгөөр хямдхан мах авахын тулд монголчууд амралтын хоёр өдрөөрөө нөөцийн махны дараалалд шөнө дөл хүртэл зогслоо. Яах аргагүй “МАНдуулсан сонголт хийжээ, бид. Өргөн хэрэглээний бараа өдрөөр өсөж, өчигдөрхөн 100 төгрөг байсан ширхэг шүдэнзийг 120 төгрөгөөр худалдан авч байна.

1000 төгрөгийн хуушуур махны үнийн өсөлтөөс шалтгаалан өсч, 1500 төгрөг болохыг хардаг л юм байна. Улс орных нь эдийн засаг туйлдаа хүрч, цалин нь өсөхгүй атлаа бараа нь өдрөөр өсөж байхад Сангийн сайд нь харин “Шилдэг эдийн засагч” шагнал авахыг хардаг азгүй юм аа, монголчууд бид. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт болсон “Блүүмбэрг авардс-2018”-ын шилдэг эдийн засагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаруулжээ.

Ичмээр дамшиг гэдэг л энэ байх. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хэлсэн үг байдаг юм. Тэрбээр, “Улс орон нь ядуурчихаад байхад улстөрч нь шилдэг байх ямар ч боломжгүй” хэмээн шилдгээр шалгаруулсан шагналаас татгалзаж буйгаа мэдэгдэж байлаа. Ч.Хүрэлбаатар сайдаас ч ийм үг гарах болов уу гэж их хүлээлээ. Даанч тэгсэнгүй. Тэртэй, тэргүй Монгол Улс жил бүхэн төлөх ёстой “Дим сам”, “Чингис” бондын өрийг хугацаанд нь төлсөн гэх үндэслэлээр түүнд энэ шагналыг өгчээ.

Хүний өмнөөс ичнэ гэдэг л болж байна. Чөлөөт өрсөлдөөнтэй, зах зээлийн эдийн засагтай улс оронд мах нөөцөлсөн аж ахуйн нэгжид тагнуулын байгууллага нь гүйцэтгэх ажиллагаа явуулж, нөөцийн махандаа монголчууд хэдэн зуугаараа хоёр өдөр очерлох нь таны бий болгосон макро эдийн засгийн шинэчлэл юм гэж үү, сайд аа. Цалин нь 10 төгрөгөөр ч нэмэгдэхгүй атлаа шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь ямар ч хяналтгүй өсөж байгаа нь шилдгийн шалгуур байсан гэхээр л уйлмаар санагдах юм. Шилдэг гэсэн нэр нүүрээ хадгалахын тулд хичээж үзээрэй дээ. 

Б.Эрхэс