Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой байдаг. Даатгалын шимтгэлээ төлснөөр жилд хоёр сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой юм. Энэ талаар ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээ чанарын газрын дарга И.Энхбатаас тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг хоёр сая хүртэлх төгрөгийн хэмжээ иргэдэд хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 оны нэгдүгээр сард шинэчлэн батлагдсан. Энэ хуулийн хүрээнд ЭМД-ын сангаас 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж байна. Эдгээр тусламжид ЭМД-д хамрагдсан иргэн бүр хамрагдах боломжтой. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор тусламж үйлчилгээ авсан даатгуулагчын зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөг гэж зааж өгсөн. Хоёр сая төгрөгөөс давсан тохиолдолд, гэр бүлийн хүмүүсийн аль нэг хүнийхийг нэг удаа шилжүүлэн авах эрх нь нээлттэй. 5000-28 сая төгрөг хүртэлх эмнэлгийн хэрэгслийн зардлыг ЭМД сангаас санхүүжүүлдэг юм. Мөн хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээнд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ орохгүй гэж ойлгож болно. Тухайн иргэнд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлдэг. Энэ хэмжээ нь эмнэлэгт 5-6 удаа хэвтэн эмчлүүлэхэд хүрэлцээтэй. Харин байнгын асаргаанд байдаг хүмүүсийн тухайд хүрэлцдэггүй учир албан ёсоор энэ тарифыг өөрчлөх боломжтой эсэхийг судалж байна.
-Хоёр сая төгрөгөөр ямар үйлчилгээ авах эрхтэй вэ?
-Үүнд нийтдээ 12 төрлийн тусламж үйлчилгээ багтах бөгөөд анхан шатны тусламж үйлчилгээ хамааралтай. Анхан шатны гэдэгт, сум, аймаг, хорооны өрхийн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд багтах бөгөөд сэргээн засах, өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх, эмчилгээ оношилгоог авч болно. Мөн ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үзүүлсэн, оношилгоо шинжилгээ хийлгэсэн, хэвтэн эмчлүүлсэн болон лабораторийн шинжилгээ багтана. Дээрээс нь эмийн үнийн хөнгөлөлт авсан тохиолдолд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байгаа.
-Хувийн эмнэлгийн тухайд?
-ЭМДЕГ-ын сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрээ байгуулсан 2000 орчим байгууллага бий. Үүнд улсын эрүүл мэндийн байгууллагаас гадна, хувийн хэвшлийн лаборатори, рашаан сувилал, эмнэлэг багтаж байна. Мөн гурав дахь шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүд бий.
-Улсын эмнэлэг ачаалалтай байгаагаас иргэд хувийн эмнэлэгт хандах нь их болсон. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хувийн эмнэлэгт голчлон шилжүүлэх, эсвэл иргэдийн өөрсдийнх нь сонголт байхаар зохицуулж болохгүй юу?
-Төрийн болон хувийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ дотроо өөр өөр байгаа. Жишээ нь, хувийн эмнэлгүүдийн хэвтэн эмчлүүлэх буюу, эмчлэх зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа юм. Мөн, улсын эмнэлгүүд үзүүлдэг яаралтай мэс заслыг зарим томоохон хувийн эмнэлгүүд хийдэг. Мэдээж ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан учраас зардлын санхүүжилтыг олгож байгаа. Одоогоор хувийн хэвшлийн эмнэлгээс ихэвчлэн оношилгоо, шинжилгээ хийдэг лабораториудтай гэрээ байгуулсан. Тухайлбал, 2016 оноос “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн лабораториудтай хамтран элэгний B, C вирус тоолох зардлыг санхүүжүүлж байна.
-Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, зарим боолт тариа эд зүйлсийг иргэд өөрсдөө худалдаж авсан тохиолдол гардаг. Ямар нөхцөлд худалдаж авсан эм, тариагаа Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж болох вэ?
-Улсын эмнэлэгт хэвтээд, өөрөөсөө зардал гаргасан тохиолдолд, тухайн эрүүл мэндийн байгууллагын санхүүд өргөдөл бичнэ. Ингээд мөнгөө авч болно. Гэхдээ тухайн стандартад заагдсан эмчилгээ буюу эмчийн бичиж өгсөн эмчилгээнд орох материал тухайн эмнэлэгт байхгүй тохиолдолд иргэнд зардлыг олгох ёстой. Харин эмчийн бичсэн жороос гадна, өөрсдөө нэмж хийлгэсэн тусламж үйлчилгээг тухайн хүн өөрөө мөнгөө төлж эмчлүүлэх ёстой.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд фитнес, спорт клубт хөнгөлүүлэх боломжтой заалт шинээр орсон. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Фитнес, спорт клубын зардлын тодорхой хувийг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ гэсэн заалт бий. Энэ хүрээнд ЭМЯ, БСШУС-ын яамтай хамтарсан ажлын хэсэг гарсан. ЭМДЕГ-т сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг боловсруулаад явж байна. Энэ асуудал шийдэгдвэл, сонгон шалгаруулалтаа зарлана.