ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бусараа бор”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, багагүй шуугиан тарьж, эцэст нь эрийн зангараг гарган парламентын гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзсан билээ. Тухайн үед төрийн түшээ хүн хүчингийн хэрэгт холбогдлоо хэмээн зэвүүцэх хүн олон байсан ч улс төрийн золиос болж, хэлмэгдлээ гэж өмөөрөх хүн ч багагүй байлаа. Өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдэгдээгүй ч ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан, чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан.

Түүний хүсэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүний эрхээс чөлөөлөх нь зүйтэй гэж олонхи гишүүн дуу нэгдэхэд иргэн болсон Д.Гантулга төрийн далбаандаа мөргөөд чуулганы танхимаас гарч одсон. Тэгэхэд ард түмэн түүнийг үнэлж байлаа. Энэ зэргийн жудагтай эр тийм хэрэг хийхгүй хэмээн түүнийг үнэлэх хүн олон байв. Гэвч мөнөөх шударга Д.Гантулга тэдний урмыг хугалав. Хүн хүчиндсэн гэдэг нь тогтоогдоогүй ч ийм хэрэгт нэр холбогдсондоо хариуцлага хүлээн, ард түмэн, найз нөхдөөсөө уучлал гуйн, суудлаа өгч байсан ч энэ шийдвэртээ эзэн байж, эрийн зангаргаа баталж чадсангүй. Саарал ордны зөөлөн сандалдаа эргэж хургаад байгаа бололтой.

Учир нь түүнийг гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэх хэсэг бүлэг иргэд гарч ирж, Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Үүний дагуу Д.Гантулга гишүүнийг парламентын бүрэн эрхээс чөлөөлсөн нь зөв шийдвэр байсан эсэхийг эргэж харахаар Үндсэн хуулийн цэц хуралдахаар болжээ. Энэ нь түүнийг гишүүний эрхээ эргүүлэн авахын тулд, зохион байгуулалттай хийж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Сандал суудлаар зууралдан, эргэж хоргодон “жижгэрч” байгаа нь түүнийг үнэлэх олны үнэлэмжийг үгүй хийж байх юм. Хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ бусарч, олны урмыг хугалсан түүнд “гандааш” бус  “бусараа бор” гэх тодотгол илүү зохимоор.