ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Банкир”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-21

Бидэнтэй “Шарк Танк” нэвтрүүлгээр эчнээ танил болсон, Монголын бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрх болох эдийн засагч, банкир Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдах үүрэг хүлээх нь ээ. Томилгоог өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцэх бөгөөд улс орны ирээдүйд нөлөөлөх, хөрөнгө оруулалтын үр өгөөж нь маш чухал төслүүдийг санхүүжүүлэх, тэндээс үр ашиг бий болгох ажлыг түүнд даатгаж байна гэсэн үг.

Хөгжлийн банк өмнө эргэн төлөлт байхгүй, ЖДҮ-ийн сангаас зээл олгох боломжтой олон зуун төслүүдэд ашиггүй шахам зээл олгож, алдагдалд орж байсан. Харин энэ алдаагаа өнөө жилээс засч, зөвхөн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болсон билээ. Энэхүү хариуцлагатай ажлыг нэртэй, төртэй хийх үүргийг Г.Амартүвшин авч байгаа юм. Улс төрийн намд элсэж, эсвэл популист зарчмаар олонд танигдаагүй учраас түүнийг хэн бэ гэдгийг нь мэдэхгүй хүн олон байдаг. “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсоноос нь хойш олон нийт таних болсон.

Арга ч үгүй. Г.Амартүвшин Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан мэргэжлийн, бэлтгэгдсэн банкир. Гэвч, Монголдоо тун хожуу буюу 2011 оноос хойш ажиллаж байгаа. Харин эх орондоо ирэхээс өмнө Казахстаны хамгийн том банкуудын нэг “Жэй Эс Си Казкоммерс” банкинд Гүйцэтгэх захирлын орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байжээ.

Мөн Нидерланд, Америк, Англи зэрэг бизнесийн төв нутгуудад мэргэжлээрээ ажиллаж, томоохон төслийн хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байсан аж. Тэд гэр бүлээрээ сэхээтэн хүмүүс. Их багш Б.Ренчиний охин болон Б.Индра докторын хүү Ж.Ганибал бол түүний эцэг. Дипломатч Ж.Ганибалыг танихгүй, мэдэхгүй хүн улс төр, эдийн засгийн хүрээнд цөөхөн биз. Төрийн албанд шударга үнэнчээр ажиллаж явсан, эрхэм хүмүүний удам гэдгээ тэр болгонд олон зарлахыг хүсдэггүй гэдгээ ч нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан удаатай.

Учир нь “сайн эцэг, сайн удмын нэрээ худалдаж идэхийг, тэр нэрийг ашиглаж олонд танигдахыг хүсээгүй учраас” хэмээн даруухан харуулж байсан удаатай. Г.Амартүвшин 2014 оноос “Хас” банкны Ерөнхий захирлаар ажилласан бөгөөд энэ банкийг танигдахгүй болтол өөрчилж чадсан гавьяатай. Тиймдээ ч өрөнд баригдаж, өнөө маргаашгүй хуучин дарга нар нь авлигын хэргээр ачигдах гэж буй Хөгжлийн банкийг илүү шинэ менежментээр удирдана гэсэн итгэл олон хүнд байна.