Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан нь олны анхаарлын төвд байна. Шүүх шинжилгээний албан ёсны дүгнэлт гараагүй байхад хэрэгтэй холбогдуулан элдэв таамаг, хардлага газар авч, улс төрийн өнгө аястай тайлбар мэдээллүүд гарсаар байна. АН-ынхан энэ хэргийг учир битүүлэг гэдэгт бат итгэл үнэмшитэй байгаагаа илэрхийлж, гадны нөлөөтэй байж мэднэ гэх мэдээллийг хоёр ч удаа хийлээ. Хатуухан хэлэхэд талийгаачийн үхлээр намын нөхөд нь улс төр хийж байна. Төр нийгмийн зүтгэлтэн хүн төрийн тусгай объектод зуурдаар амь насаа алдсан асуудалд мэдээж хянуур хандах ёстой.
Гэвч энэ нь албан ёсны хариу дүгнэлт гараагүй байхад гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдээлэл хийж, түүнийгээ бататгах элдэв гаргалгаа, тайлбар өгч, олон түмнийг төөрөгдүүлэх шалтгаан огтхон ч биш. Тийм эрх хэнбугайд ч байхгүй. Гэтэл АН-ын зүгээс шүүх шинжилгээний хариу гараагүй байхад цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл нэхэж, тэднийг ямар нэг улс төрийн шалтгаантайгаар мэдээлэл хийхгүй байна хэмээн давшлах нь хэргийг улстөржүүлж байгаагийн тод жишээ.
Талийгаачийг гадаадад эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ өгөөд цоо эрүүл гарсан хүн ажлаа хийж яваад нас барсан нь учир битүүлэг хэмээн мэдээлэв. Тэгвэл талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь МАН-ын гишүүн хэмээн нэрийг нь нууцлан олон түмнээр оньсого таалгаж, хэсэгхэн зуур төөрөлдүүлээд авсан нь учир битүүлэг үйлдэл байлаа.
Хардах эрх хэнд ч бий. Гэвч юу ч тохиолдсон байлаа гэсэн албан ёсны дүн шинжилгээ гараагүй байхад хамар дор хагархай ам гэдэг шиг олныг төөрөгдүүлсэн улс төрийн шинжтэй мэдээлэл, гаргалгаа хийж, дэвэргэх нь аль ч талаасаа бүдүүлэг үйлдэл юм. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн хэн бэ гэсэн АН-ын оньсогын хариуг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэр дор нь хариулж, уулзаад юу ярьсан, хэзээ өрөөнөөс нь гарсан гээд бүгдийг цаг, минуттай нь тайлбарласан билээ.
Гэтэл хэрэг гарах үед намын байрандаа хуралд сууж байсан АН-ын дарга С.Эрдэнэ болон талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гишүүн болох Н.Номтойбаяр нарыг эдгээр улстөржсөн мэдээллүүд “алуурчин” болгож харагдуулав. Олон нийтийн сүлжээгээр энэ хоёр гишүүнийг элдвээр харааж зүхэх давалгаа ч өрнөөд амжив. Эдгээр хүмүүсийн ард ч мөн гэр бүл, үр хүүхэд, нэр төр бий гэдгийг мартах учиргүй юм.
АН-ын мэдэгдлүүдтэй зэрэгцэн дайнд хөөрөх муу эрс олон байна. Асуудлыг тойрсон мэдээллүүдийг сэтгүүлзүйн бүхий л төрөл жанраар бэлтгэн, сэвж байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагынхан талийгаачийн унасан гэх гонхыг хүн унах боломжгүй хэмээн нотлох гэж, энүүгээр явж, тэнд очоод, энэ гонхноос унасан хэмээн эгээ л ингэж унасан гэж биеэр үзүүлэхээс бусдыг хийж байгаа нь ч гэсэн улстөржүүлэх гэсэн нэг оролдлого гэлтэй. Тэр бүү хэл осол болсон гонхны ойр хавьд тэр, тэр гишүүний өрөө байдаг хэмээн мэдээлж байгаа нь олон түмэнд ямар нэг байдлаар улс төрийн сэдэл, таамаг төрүүлэх гэсэн оролдолого гэдэг нь илт.
Хардах эрх бий хэдий ч осол болсон газар хэний өрөө ойрхон байна вэ гэдэг нь угтаа хэрэгт шууд хамаатай байх бас хардах шалтгаан бус баймаар. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид бид аливаа асуудалд мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалж, олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй. Түүнээс биш өөрийн хардлагыг бататгахад мэдээллийн хэрэгслийг ашиглах ёсгүй. Тийм эрх ч бидэнд байхгүй. Гэтэл талийгаачийн явсан газар, орсон өрөө, унаж амиа алдсан газрыг хүртэл нэгбүрчлэн деталчлан харуулж, түүндээ хардлага бүхий тайлбар хийж байгаа нь хачирхмаар. Үүнийг харсан гэр бүл, үр хүүхэд, хань ижил нь юу бодож суух вэ.
Хүнээ алдаад, тэнгэр хол газар хатуу байгаа ар гэрийнхэнд нь талийгаач чинь амьдралынхаа сүүлийн мөчид энэ газраар явж, эндээс унаад амиа алдсан хэмээн тайлбарлан үзүүлж буй сэтгүүчид хүн чанар биш юм гэхэд ёсзүй гэж байна уу. Бүр энэ гонхноос албаар л унах оролдлого хийхгүй бол санамсаргүй байдлаар унах боломжгүй хэмээн мэдээлж байгаа нь олон нийтэд талийгаачийг хэн нэгэн түлхэн унагасан гэсэн санааг төрүүлж байгаа юм. Угтаа бол тус гонх нь мерт орчим өндөртэй хашлага бүхий ойролцоогоор 5-6 мерт орчим өндөртэй.
Талийгаач Г.Батхүүгийн хувьд нэлээд өндөр биетэй, нуруулаг хүн байсныг уншигч та мэдэх биз. Түүн шиг өндөртэй хүнд метр хүрэхгүй хашлага өвдөгнөөс нь тийм ч их илүү гарахгүй. Тэгэхээр үүнийг албаар л унагахгүй бол гадны нөлөөгүй унах боломжгүй гэж дүгнэхэд бэрх юм. Талийгаачтай сүүлийн 20 минутад хэн хамт байсан, хэний өрөөгөөр орсон зэрэг нь асуудалд мэдээж хамаатай. Гэвч тайлбар мэдээлэл өгсөөр байтал, асуудалд улс төрийн учир шалтгаан наах гэж зүтгэх нь сэтгүүлч хүний хувьд ёс зүйгүй үйлдэл.
Мэдээж улс төрийн зүтгэлтэн, төрийн тусгай обьектод зуурдаар амиа алдсан асуудал хардлага дагуулах нь ойлгомжтой. Тэглээ гээд асуудлыг шууд улстөржүүлж, хэн нэгний үхлийг улс төрийн сэдэв болгох нь байж боломгүй үйлдэл юм. Хүний гарт амь насаа алдсан гэдэг нь тодорхой хүн амины хэрэг бол ондоо. Талийгаач Г.Батхүү агсны амиа алдсан асуудлыг С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгтэй дүйцүүлж, ийн тал бүрээр улстөржүүлсэн тайлбар, гаргалгаа хийж байгаа нь болчимгүй асуудал билээ.
Тийм ч учраас элдэв таамаг, хардлагууд энэ асуудлыг бүтэн 21 жил шийдлээ олоогүй С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг шиг улс төрийн том асуудал болгох вий гэх болгоомжлол олны дунд төрөөд байгаа юм. Намын нөхөд нь ч, хэвлэл мэдээллийнхэн ч тэр талийгаачийн ар гэрийнхнийг хүндэтгэх ёстой. Үнэхээр гадны нөлөөтэй байлаа гэхэд мэргэжлийн байгуулагын дүгнэлт гараагүй байхад ийн амандаа орсноор дүгнэх нь хэт эртэдсэн дүгнэлт юм. Хардаж болох ч, хавтгайруулж болохгүй гэдгийг хаа хаанаа ойлгож, ёс зүйтэй хандах хэрэгтэй байна. Салхи хаашаа, зүг тийшээ гэх зарчмаар хандаж хэрхэвч болохгүй билээ.