ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Рио Тинто” Оюутолгой төслийн 66 хувийг барьцаанд тавьжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-21

Өмнийн говьд их бүтээн байгуулалт өрнүүлж, говийн элсэн дээр аж үйлдвэрийн хот байгуулах амлалт өгч орж ирсэн “Туркойз Хилл Ресурс”-ын  хэрэгжүүлж буй Оюутолгойн төсөл гадна, дотно талдаа эргэлзээ дагуулж, төсөл цаашид амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв. Тухайлбал, гадна талдаа төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүсээд буй маргаан олон улсын анхаарлын төвд байна. Тус компанийн хувьд Оюутолгой хамгийн чухал төсөл нь. Гэвч 2022 оныг хүртэл төслийг тогтвортой үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж, эхэлсэн бөгөөд гүний уурхайг өргөтгөхөд бүтцийг дахин судлах шаардлагатай гэж үзжээ. 

Гэвч энэ нь бүтцийн асуудал гэхээс илүү удирдлагуудын менежмент муугаас болсон гэж “Туркойз Хилл Ресурс”-ын 10.9 хувийг эзэмшдэг “Сэйлинг стөүн” фирм үзсэн учраас үл ойлголцол үүсээд байгаа тухай дэлхийн томоохон сонин, сайтууд мэдээлж эхэллээ. “Рио Тинто” эдгээр асуудалд тодорхой тайлбар өгөөгүй, наймдугаар сард төслийн үр дүнгийн талаар мэдээлнэ гэжээ. Мөн “Туркойз Хилл Ресурс”-ын дөрвөн захирлыг улираан томилохыг эсэргүүцэж, хувьцаа эзэмшигчдийн дундын зөвлөлөөс нэг захирал томилох саналыг “Сэйлинг стөүн” фирм гаргасан нь үл ойлголцол үүсгэжээ.

Гадна талдаа ийнхүү үл ойлголцож буй тус компанийн хэрэгжүүлж буй “Оюутолгой” төсөл нь дотоодын буюу Монгол Улсад ч сайн нэр дуулсангүй. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас л асуудал үүсч, татвар төлдөггүй, манай улсын эзэмшиж буй 34 хувийг 50 хувьд хүргэх асуудал болон ордоос ашиг хүртэх боломжийг хойшлуулсан, мөн татварын олон жилийн өр хуримтлагдсан зэрэг асуудал бий. Мөнхүү өмнө бичсэнчлэн, өмнийн говьд “Эрдэнэт”-ээс дутахгүй хот босгоно хэмээн Монгол Улсын эрх мэдэлтнүүдтэй зэрэгцэж, зогсоод амлалт өгч байсан тус компани төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жил өнгөрчихөөд байхад хэдхэн сэндвичэн барилгаас өөр юу ч босгосонгүй.

Тус ордыг өмгөөлөх гэсэн хэсэг бүлэг нь “Говийн элсэн цөлд хотоор яах юм бэ, орд хаагаад явахад сөнөн биз дээ” хэмээн мэдэмхийрч байх юм. Гэвч “Эрдэнэт” шиг хэдэн арван хот босгох хэмжээний их хөрөнгийг тэд Монгол Улсад 10 төгрөг ч төлөхгүй авч байгаа. Зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог том ордоо монголчууд татвараа ч авч чадахгүй, ногдол ашгаа ч хүртэж чадахгүй ашиглуулж байгаа нь худлаа биш.

Тийн атал энэ компанийн удирдлагууд эцэстээ Монголын төрд юу хийхийг нь зааж, улстөрчдийг нь авлигадаад сууж байгаа. Төсөл эхэлсэн цагаасаа л мордохын хазгай болж, Ил уурхайн ашиглалтын болон Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг зурсан улстөрчид эхнээсээ шоронд хоригдож эхэлсэн. Тиймээс УИХ-аас тус ордод шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан байдаг. Тус ажлын хэсэг хоёр жил ажиллаж, өнгөрөгч арваннэгдүгээр сард санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн билээ. Гэсэн ч хагас жил өнгөрчихөөд байхад санал дүгнэлтийг хэлэлцсэнгүй. Харин улстөрчдөд очиж амжаагүй байсан ажлын хэсгийн дүгнэлт тавдугаар сарын 13-нд Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Рио Тинто”-гийн албан тушаалтнуудад очжээ. Түүнийг өгсөн хүн нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байсан юм.

Өнгөрөгч даваа гарагт Ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд тоймлосон хувилбарыг танилцуулав. Ажлын хэсгийн голлох дүгнэлт болон түүнд ирүүлсэн “Рио Тинто”-гийн няцаалтыг харьцуулж уншигч танд хүргэе. 

Ажлын хэсэг: УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор анхны гаргасан хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн 34 хувийг 50 хувиас доошгүй хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцох талаар тусгаж өгсөн. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа үндсэн хугацаанаас гадна сунгалтыг оруулж тооцжээ. Өөрөөр хэлбэл, төслийг хоёр удаа сунгах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 жилийн дараа буюу 2041 оноос манай талын 50 хувийн асуудлыг хөндөх гэнэ. Ингэхдээ худалдан авах замаар нэмэгдүүлэх боломжтой. Зүгээр ч нэг өгчихгүй. Хамгийн хоржоонтой нь нэмэлт өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн менежментийн одоо мөрдөж буй эрх цаашид хөрөнгө оруулагч талд хэвээр хадгалагдана гэж оруулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 50 хувь эзэмшдэг болсон ч хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хурлын шийдвэр Айвенхоугийн хувь нийлүүлэгчдийн саналаар явна гэсэн үг. Энэ нь Компанийн тухай хуулийн хоёр заалтыг зөрчсөн байгаа юм. 

“Рио Тинто”: Монгол Улсын дотоод асуудал. Гэвч манай талаас 57 дугаар тогтоол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Тус тогтоолд “анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа” гэж тусгасан. “Нөхмөгц” буюу хугацаа заагаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээний эхний хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. 2041 он тохиромжтой хугацаа байна. Учир нь тусгай зөвшөөрлийг сунгах хугацаа болсон байх болно. 

Ажлын хэсэг: Монголын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх дансуудыг барьцааны агент “Стандарт Чартерепд Банк”-д дамжуулж, барьцаанд тавьсан. Үндсэн болон үйл ажиллагааны бүхий л хөрөнгө нь энд багтах бөгөөд Гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр барьцаанд тавьсан байгаа юм. Оюутолгой төсөлд ямар нэг байдлаар эрсдэл үүслээ гэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлээд, ордыг барьцааны хөрөнгөтэй нь хамт худалдах нөхцөл үүссэн байгаа юм. 

“Рио Тинто”: Барьцаалсан гэдэг нь зөв томъёолол хэдий ч зээл олгосон талуудад баталгаа өгөх зорилготой. “Оюу толгой” ХХК үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчид лиценз зэргийг оролцуулан өөрийн хөрөнгийг гаргуулах эрх үүснэ. Гэхдээ Монгол Улсын хувь эзэмшилд огт нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх учиртай. 

Ажлын хэсэг: Төсөлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй. Энэ ажлыг “Эрдэнэс Оюу толгой” “Эрдэнэс МГЛ” хариуцах ёстой байсан аж. 

“Рио Тинто”: Оюутолгой бол хувийн компани бөгөөд Засгийн газрын өмч хэрэгсэл биш. Засгийн газар хяналт тогтоох үндэслэл байхгүй. Ингэх нь сайн зүйл биш. Харин хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн ТУЗ-д төлөөлөлтэй бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд оролцдог. 

Ажлын хэсэг: Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөж буурсан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” төслийн хувьд талуудын хүртэх ашгийг тооцоолохдоо албан ёсоор хүлээлгэж өгсөн “ТЭЗҮ 2010”-ыг ашигласан санхүүгийн модельд дүн шинжилгээ хийж, талуудын хүртэх үр ашгийг тооцоолох шаардлагатай. Уул уурхайн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2010 болон 2015 оны ТЭЗҮ-ийг албан ёсоор хүлээлгэн өгсөн. 2010 оны ТЭЗҮ-ийн үр ашгийн тооцооллыг хийсэн ч 2015 оны ТЭЗҮ-д үр ашгийн тооцоолол хийгээгүй. Мөн 2010 оны ТЭЗҮ-д талуудын хүртэх өгөөжийн тооцооллыг хийхдээ “Оюу толгой” компанийн санхүүжилт 100 хувь хувьцааны санхүүжилт байхаар тооцож, аливаа өр, зээлийн тооцоолол хийгээгүй. Гэтэл төслийг 100 хувь хувьцаагаар санхүүжүүлээгүй. Хувьцаа, хувь нийлүүлэгчдийн зээл, гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийн зээл хэлбэрээр санхүүжүүлсэн. 

“Рио Тинто”: 2010, 2015 оны ТЭЗҮ-ийг хүргүүлсэн. 2016 оны ТЭЗҮ-ийг хүргүүлээгүй. 2010 оны санхүүгийн модель хуучирсан бөгөөд 2016 оны ТЭЗҮ-ийн загварчлал өнөөгийн нөхцөл байдлыг илүү тусгасан. Талуудын хүртэх үр өгөөжийн тооцоолол алдаа мадагтай. 

Ажлын хэсэг: Ил уурхайгаас бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь гүний уурхайг ашиглалтад оруулах их хэмжээний хөрөнгө оруулалтад зориулагдах байсан ч хувь нийлүүлэгчдийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт явсан. Санхүүжилтийн бүтэц энэ хэвээр үргэлжилбэл цаашид уурхайн үе шат бүрт чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл зээл ба хүүнд зарцуулагдах нь. 

“Рио Тинто”: Орж ирсэн бэлэн мөнгөний урсгалаас одоогийн байгаа хувь нийлүүлэгчдийн зээлийн багахан хэсгийг болон хүүгийн төлбөрийг төлсөн. Тухайн цаг үед уурхайн барилгын ажил зогссон, ил уурхайн үйл ажиллагаа эерэг бэлэн мөнгөний урсгалтай байж таарсан. Үүнээс хойш далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд зориулж байгаа. 

Ажлын хэсэг: Хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээ гуравдагч этгээдэд үйлчлэхгүй. Тодруулбал, тухайн үед мөрдөж байсан хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Оюу толгой” ХХК-д татварын тогтворжуулалт хамаарах бөгөөд бусад оршин суугч, татвар төлөгчдөөс суутгах татвар, ногдуулах хэмжээ нь тогтворжуулсан асуудалд хамаагүй. Монгол Улс дахь татварын ачааллаас тав дахин бага байна. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулсан: 

“Рио Тинто”: Татварын тогтворжуулалт нь гэрээний талуудад хамааралтай, гуравдагч этгээдэд хамааралгүй ч суутган нь татвар нь манай компанийн хувьд шууд бус татвар. Компани  2010 оноос хойш нийт 8.7 тэрбум ам.долларыг Монгол Улсад зарцуулсан. Уурхай байгуулахад зарцуулсан нэлээдгүй хэмжээний капитал зардлаа нөхөж амжаагүй байгаа тул ААНОАТ хараахан төлж эхлээгүй байна.

Ажлын хэсэг: Хөрөнгө оруулагч тал ногдол ашиг хүртээхийн төлөө бус харин зардал өсгөхөд, түүнийг дагаад менежментийн төлбөр нь нэмэгддэг. 

“Рио Тинто”: Зардлаа өсгөж, үр ашгаа нэмэгдүүлж байна гэдэг нь ташаа ойлголт. 

Ажлын хэсэг: Хөрөнгө оруулалтын гэрээ болон  Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд мониторинг хийж, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллуулах ёстой. 

“Рио Тинто”: Гэрээнүүдийг талууд урт хугацаанд, зах зээлийн жишгээр шударгаар хэлэлцсэн. Дахин хэлэлцэх нь зүйтэй гэх саналыг “Оюу толгой” ХХК болон гадаад хөрөнгө оруулагчид эсэргүүцэж байна. 

Ажлын хэсэг: Дубайн гэрээ болон Менежментийн гэрээ олон хууль тогтоомж зөрчсөн учраас хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

“Рио Тинто”: Энэхүү саналыг ямар дүгнэлтэд үндэслэж гаргасныг ойлгохгүй байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Үндэсний аудитын газрын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. 

Ажлын хэсэг: Зэсийн баяжмалын үнээ Монголын талаас нуудаг. Тэр нь экспортын үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн монгол ажилчид нь бага цалинтай байна. 

“Рио Тинто”: Монгол Улсад ажиллаж буй F шатлалын мэргэжилтэн Австрали улсад ажиллаж буй ажил түвшний F шатолалын мэргэжилтэй ижил хэмжээний урамшуулал, цалин олгодоггүй. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг гажуудуулна.