Бүтэн хоёр жил шахам төрд төлөөлөлгүй явж ирсэн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд ирэх сарын 30-нд төлөөллөө сонгох юм. Тус тойргоос сонгогдсон “азтан” УИХ-д ганцхан жил суух хэдий ч энэ нөхөн сонгуульд улс төрийн намууд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас тодорхой харагдах.
Парламентад бүлэггүй болоод байгаа АН-ын хувьд бол энэ сонгууль бүлэгтэй болох эсэхийг шийдэх чухал сунгаа. Тэгвэл энэхүү чухал сунгаанд АН төрийн эрх барьж байх үед нь Хэнтий аймгийн АН-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарт итгэл хүлээлгэхээр болжээ.
Түүнийг нутаг усандаа нэр хүндтэй, аймгийн даргаар ажиллаж байсан туршлагатай, нутгийн олон нь ам сайтай учраас ялах магадлал өндөр гэж ийнхүү чухал сунгаанд “сойх”-оор шийдсэн бололтой юм. Өөрөөр хэлбэл, АН-ын байр суурийг бэхлэх найдвар болоод байгаа гэсэн үг. Тэрбээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн Хэнтий нутгийн унаган хүү бөгөөд “Чингисийн их тугчид” хэмээн нэрлэгддэг “тугчин” овгийн хүн хэмээн өөрийгөө тодотгодог аж.
Төрийн хүний багагүй туршлагатай хааны тугчин гаралтай тэрбээр бизнесийн зах зээлд хөлөө олсон хөрөнгөлөг нэгэн учраас аль ч талаараа намд хэрэгтэй хүн мөнөөс мөн. Хурдан морины сунгаанд түрүү алддаггүй алдартай уяач тэрбээр төрийн түшээгийн сунгаанд харин хэр хурдтай давхих вэ гэдэг нь сонирхол татна. 2004 оны сонгуульд тэрбээр МАН-аас нэр дэвшсэн Д.Арвинтай өрсөлдөж ялагдсан бол 2012 оны сонгуулиар Б.Гарамгайбаатарыг дэмжиж, ялалт байгуулсных нь дараа орон нутагт намаа удирдан ялалт байгуулж байж. Аймгийн Засаг даргаар ажиллахдаа хэнтийчүүдээс онц авсан тэрбээр энэ удаагийн сунгаанд дүнгээ бататгаж чадах эсэх нь олны анхаарлын төвд байна.