ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гавьяагүй” гавьяат

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-27

“Нэг ч гэсэн шүүгч тэрбумын хадгаламжтай байж болохгүй юу” хэмээн олон нийтийн телевизээр хэнэггүйхэн ярилц­лага өгч зогссон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, гавьяаныхаа амралтад гарахаар болжээ. Тэрбээр, өнгөрөгч долоо хоногт өргөдлөө өгч, амралтаа авсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүнээр зургаан жил ажиллахдаа сайнаас илүү саараар яригдаж, олон ч удаа хэвлэл мэдээллээр шүүмжлүүлж байсан түүний ажлыг хэн авах вэ гэдэг марафон ч энэ салбарт хэдийнэ өрнөж эхэлжээ. 400 гаруй шүүгчээс сонгон шалгаруулалт явуулснаар орны хүнийг нь томилдог хуультай юм билээ.

Тэгээд ч Ерөнхийлөгчийн зүгээс хууль, шүүхийн салбарт улс төрийн томилгоо бус шударга нэгнийг сонгон шалгаруулж, ажиллуулах бодлого барьж буй учраас тэрбумын хадгаламжтай шүүгчээ өмөөрч зогсдог шахааны хүн ирэхгүй гэж найдах л үлдэж байна. Н.Лүндэндорж даргын тухайд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор албан тушаалтай. Шүүхийн салбар дотроо ч нэр хүндтэй нэгэн.

Гэвч намтрынх нь хуудсандаа “гэмт хэрэгтэн” гэдэг үгийг нэмж орхисныг уншигч та санаж буй биз. Эргэн сануулвал, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн дэд захирлаар ажиллаж байхдаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал эхнэрийнхээ нэр дээр байдаг “Ланд Круйзер” машиныг согтуугаар жолоодож, яваад оюутан охиныг дайрч амь насыг нь хөнөөсөн байдаг юм. Дараа нь зүрх муутай учраас долоогоны ханд уусан гэх мэдүүлэг өгч, ял хүлээхгүй мултран үлдэж байлаа.

Хуулийн салбарт ажилладаг гэдгээрээ далайлган хэргээ хаалгаж, хохирогч охины аав ээжийг аргалаад өнгөрсөн ч монголчууд энэ хэргийг огтхон ч мартаагүй юм. Тиймдээ ч гэмт этгээд яахаараа шүүхийн байгууллагыг толгойлдог юм бэ хэмээн эсэргүүцэл үзүүлж, өнөө хэр түүнтэй тэмцсээр байлаа.

Тэр өнгөрсөн зургаан жилд энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт тийм ч их хийсэнгүй. Жил бүхэн сэтгүүлчдэд нээлттэй сургалт хийж, мэргэшүүлэх талаас анхаардаг болсноос өөр шүүхийн салбар шинэчлэгдээгүй юм. Харин ч эсрэгээрээ шүүх байгууллага нь хэт нэг талыг барин ажиллаж, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн нэгэнд насаар нь хорих ял өгсөн нь нотлогдсон билээ. Шүүхийн байгууллага талыг барьж ажилладаг болсон, шүүгч нарын нэр хүнд жилээс жилд унаж байсан нь Н.Лүндэндорж гэх эрхэм ажлаа ямар түвшинд хийснийг нотлох бизээ. Харлуулах бус бодит үнэн л энэ байлаа. “Гавьяагүй” гавьяат гэдэг л энэ буй заа.