ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Томчууд нь хуралдаж, хүүхэд харин хүчирхийлэлд өртсөөр байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-27

Өнгөрөгч онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай сэртхийлгэм мэдээг Хүний эрхийн Үндэсний комиссоос дуулгав. Энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо боловч, бидний дуулаагүй, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, цоожтой хаалганы цаана бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэдэн зуун хүүхэд байгааг төсөөлөхөд ч бэрх юм.

Харин 2019 он гарснаас хойш 16 настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн, 13 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлэхийг завдсан, 14 настай охиныг эгчийнх нь найз залуу хүчирхийлсэн, зургаан настай охиныг аав, ээжийнх нь найз хүчиндэхийг завдсан гэх мэт аймшигт хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Харин монголын төр хуралдсаар л байна. Хүүхдээ хохирох бүрт хуралддаг ч үр дүн харин гарахгүй юм. 2019 он гарснаас хойш хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн болон хэдэн удаа хуралдсан мэдээллийг танд хүргэе. Дүгнэлтийг та өөрөө хийгээрэй.

  • 2019 оны хоёрдугаар сар... Найман настай охиноо “малаа хариул” хэмээн явуулаад, төрсөн эцэг нь араас нь очиж малын бэлчээрт хүчирхийлдэг байсныг дүү нь мэджээ. Улмаар ээждээ хэлснээр жигшүүрт хэрэг ил болсон байна. 
  • 2019 оны хоёрдугаар сар...  Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух  зургаан настай охиныг 18-ны өдөр  27 настай эрэгтэй хүчиндсэн хэрэг гарсан. 
  • 2019 оны гуравдугаар сар... Ээжийг нь байхгүй хугацаанд дөрвөн настай хүүг хойд эцэг Т нь  “орондоо шээлээ”  хэмээн хэвтэрт ортол зоджээ. Хүү ГССҮТ-д битүү гэмтэлтэй ирээд яаралтай журмаар хугарлаа бэхлэх мэс засал, мөн хэвлийн мэс засалд орсон байна.
  • 2019 оны дөрөвдүгээр сар... Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд оршин суух 16 настай охин 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс хойш алга болж, 13 хоногийн турш эрэл хайгуул болсны эцэст олжээ. Хэргийг шалгах явцад охиныг алга болох өдөр аав нь зодож, доромжилж, гэрээсээ хөөжээ. Улмаар гэрээсээ гарснаас хойшхи хугацаанд саун массажны газарт биеэ үнэлэн, хар тамхи хэрэглэж байсан тухай эх сурвалж дурдсан байдаг.
  • 2019 оны дөрөвдүгээр сар... Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч У алга болжээ. Хэргийг үйлдсэн байж болзошгүй 30 гаруй насны этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс саатуулсан  байдаг.  
  • 2019 оны тавдугаар сар... Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд оршин суух долоон настай М.Я охины зүүн гарын дунд болон долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах нь согтуурсан үедээ тасалж, гэмтээсэн. 
  • 2019 оны тавдугаар сар... Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн охины ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан талаар мөн л ар гэр нь мэдээлжээ. Энэ байдал даамжирч дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлсэн. 
  • 2019 оны тавдугаар сар... Өөрийн таван настай зээ охиныг согтуурсан үедээ хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг гарсан өдрийн оройн 22:00 цагийн орчимд бага насны хүүхэд хүчиндэх гэж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. 
  • 2019 оны тавдугаар сар... Төрсөн ах 15 настай Э нь өөрийн дүү болох долоон настай охиныг удаа дараа хүчиндсэн байсныг илрүүлжээ. 15 настай Э нь цагдаагийн байгууллагад газ үнэрлэн мансуурч байсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд мансуурсан үедээ дүүгээ хүчинддэг байсан нь шалгалтаар тогтоогдсон.
  • 2019 оны тавдугаар сар... Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 15 настай хүү амиа хорлосон.

Энэ мэтчилэн хүүхдийн эрх гэр бүл, ойр дотны хүмүүсийн дунд зөрчигдсөөр байгаа. Гэтэл 2019 он гарсаар улс, аймаг нийслэлийн  хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хурал, зөвлөгөөн, уулзалтыг олон удаа зохион байгуулжээ. Тухайлбал, 

  • 2019.03.07- “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.  
  • 2019.03.17- Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Төрийн ордонд “Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн боллоо.
  • 2019.05.01- ХНХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгаалагч” төслийн нээлтийг хийлээ. 
  • 2019.05.01- Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ-ны санаачлагаар “ЗӨВ ТУСГАЛ” нэг сарын хөдөлгөөнийг зохион байгуулав. 
  • 2019.05.07- Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ хамтран “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ” зөвлөгөөнийг зохион байгуулав.
  • 2019.05.08- Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцов.
  • 2019.05.08- “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов.  
  • 2019.05.14- Ерөнхийлөгчийн санаачлагаар “Гэр бүлийн үнэ цэнэ” эцэг эхийн зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.
  • 2019.05.15- Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” зөвлөгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллаа.
  • 2019.05.21- Ерөнхий  сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдав. 
  • 2019.05.22-  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг  Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан юм.

...Эдгээр арга хэмжээ зөвхөн улсын хэмжээнд болсон хурал, зөвлөгөөн. Харин дүүрэг болон аймгийн хэмжээнд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ болдгийг дурдаад барахгүй. “Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэгчээр хурал  цуглаан хийж мөнгө үрж байхаар,  цаг зав, санхүүгээ бодит зүйлд зарцуулахсан. Хүүхдийн хүчирхийллийг ташуурдах бус, туших арга хэмжээг нэн тэргүүнд  авах хэрэгтэйг  нийгэмд гарч буй олон жигшүүрт хэрэг сануулав. Хэдхэн хоногийн дараа “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хүүхдийн баяр болно. Гэтэл бусад хүүхэд шиг баярлаж хөөрч биш, нулимстай нүдээ бүлтэлзүүлж суух хэчнээн хүүхэд байх бол. Бид дахиад л хуралдаад өнгөрөх үү, тэр үед.