ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Энхболд: Багш нарт бэлэг өгөх нь хуулийн хязгаартай

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-27

ЕБС, цэцэрлэгийн төгсөлт эхэлсэнтэй холбоотой мөнгө хурааж, эцэг эхчүүдэд дарамт үүсгэдэг асуудал гардаг. Тэгвэл үүнд ямар зохицуулалт байдаг талаар  БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

-Сургууль, цэцэрлэгийн төгсөлт болж эцэг, эх­чүү­дээс мөнгө хураах явдал багасахгүй байна. Сайн дураар гэх нэрээр улам хавтгайруулаад байх шиг?

-Сургууль төгсөх, сургуулийн ойн баяртай холбоотой хандив хуримтлал цуглуулах ажил олон жил даамжирсан.  Багшид өгөх хандив бэлгийг хуулиар хориглосон зохицуулалт гэхээс илүү, тухайн иргэдийн сайн дурын үндсэн дээр  явагдаж буй үйл ажиллагаа юм. Сайн дурын гэдэг нь жишиг, тэнцүү хуваарилсан мөнгө биш, тухайн иргэн, аж нэгж хүсвэл аль нэгэн хэлбэрээр хүссэн байгууллагатаа хандив өгөх эрх нь нээлттэй. Гэхдээ удирдлага, багш, эцэг, эхийн зөвлөл мөнгө хураах ажлаа зохион байгуулалтын хэлбэрт оруулвал бурууддаг гэсэн үг. 

-Бага ангийн багш нар эрдмийн баяраар бэлэн мөнгө авсан асуудлаар АТГ-д дуудагдсан. Ангийн эцэг, эхийн зөвлөл мөнгө цуглуулах ажлыг зохион байгуулахад, бусад эцэг, эх нь хууль хяналтын бай­гуул­ла­гад мэдээлэл өгчихдөг?

-АТГ-аас ямар үйл ажиллагаа явуулж байгааг сайн мэдэхгүй байна. Тусдаа байгууллага шүү дээ. Хандив нэрээр эцэг, эхчүүд болон бусдаас мөнгө хураах, түүнийг ямар хэлбэрээр захиран зарцуулах вэ гэдэг харилцаанд АТГ хяналт тавих бүрэн эрхтэй. Үүнтэй холбоотой тухайн сургуулийн удирдлагад ха­риуцлага тооцох шаард­лагатай гэж үзвэл яаманд бичгээ уламжилж болно. Тиймээс олон нийт аль ч түв­шинд хяналтын бай­гуул­лагад хандаж болно.

-Хуульдаа юу гэж тусгасан байдаг вэ?

-Хандив мөнгөтэй холбоо­той асуудал Боловсролын тухай хуулиар зохицуулагдсан байдаг юм. Тус хуулийн 39.2-т “Сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг улсын болон орон нутгийн төсөв, аж ахуй нэгж байгууллага,  иргэний өгч буй хандив, сургалтын чиглэлийн үйл ажиллагаа явуулан олж буй орлого” гэсэн дөрвөн төрлөөр зардлыг бүрдүүлэхээр хуульчилсан. Энэ заалтад орсон хандив гэх асуулга нь төрийн өмчит сургуулийн хувьд хязгаартай. Дээрх хуулийн заалтаар нээлттэй юм шиг хэрнээ, 40.2.4-дэх заалтаар “Төрийн өмчийн сургуульд хандивын ажиллагаа хязгаартай” гэсэн байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр тухайн сургууль сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай мөнгийг төлөвлөж ажиллах ёстой юм.

-Хуулиар хязгаарлаад байхад өгч, аваад л байгаа шүү дээ?

-Багш нарт бэлэг өгөх нь хуулийн хязгаартай. Нийтийн албанд  ажилладаг, чиг  үүрэг гүй­цэт­гэдэг аливаа этгээд хан­див мөнгө, авах бүх харил­цаа хяз­гаар­лагд­мал байдаг. Тиймээс багш нар өөрсдөө энэ асуудалд ёсзүйтэй хандах хэрэгтэй юм. 2018 онд нийт багш нарын хэмжээнд ёсзүйн дүрмийг баталсан. Дүрэмд бүгд тусгагдсан байгаа. Нэгэнт хориглосон шийдвэр учир, хуулийнхаа хүрээнд ажиллах нь зүйтэй юм. Нэг ангид сурч байгаа амьдралын янз бүрийн боломжтой хүүхдүүдийг  ялгаварлах асуудал үүсгэхгүйн тулд  мөнгө татах асуудлыг зогсоох зорилготой юм.  Төрөөс  ЕБС-д үнэ төлбөргүй сургах Үндсэн хуулийн  зарчмыг баримталж, эцэг эхчүүд хяналт тавих боломж нээлттэй байгаа шүү дээ. Олон жил даамжирсан асуудал учир нэг мөр зогсож чадахгүй байгаад л гол шалтгаан бий. Жил, жилээр алгуурхан мөнгө татдаг асуудлыг багасгавал, удах­гүй бүрэн шийдэгдэнэ. Гэхдээ багш нар өөрсдөө энэ ал­хмыг хийгээсэй гэж хүсч байна. 

-Анги засвар болон шалгалтын хоолны мөнгө цуглуулж байгаа нь зохион байгуулалттай гэж ойлгож болох уу? 

-Төрийн өмчит сургуу­лиу­дын хувьд улсаас тогтмол болон урсгал зардлыг  боломжоороо олгодог. Гэвч улсаас олгож буй мөнгө их хэмжээгээр ус алдсан дээврийн асуудалтай эсвэл коридор, нийтийн эзэмшлийн талбай орчны аюулгүй байдалтай холбоотой, шу­гам сүлжээнд доголдол үүссэн сургууль, цэцэрлэгт төсөвлөсөн зардлаа арай хийж хүргэж байгаа. Харин сургуулийн анги танхим хана, шал будах хэмжээний зардалд төдийлөн хүрдэггүй, санхүүгийн хүнд­рэлтэй зүйл байгааг бүгд мэднэ. Энэ асуудлыг шийдэхээр нөгөө  л  хандив хуримтлал хэлбэрээр авах болдог. Эргээд бодитой хандив байж чадах уу, гэдэг асуудал үүсдэг юм. Тиймээс энэ төрлийн хандивыг яамнаас хориглосон. Хэрэв авсан бол хуулийн хүрээнд захирал, эрхлэгчид хариуцлага тооцно. Боловсролын хуульд байгаа нээлттэй боломж гэвэл, сургуулийн эцэг, эхийн зөвлөл гэж орон тооны бус нэгж байдаг. Сургуулийн эцэг эхийн зөвлөл өөрөө санхүүжилттэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, захирлын зар­цуулж буй  мөнгөнд хяналт тавих бүрэн эрхтэй байдаг учир идэвхтэй ажилламаар бай­гаа юм. Анги болон  сургуулийн эцэг эхийн зөвлөл тус тусдаа ойл­голт шүү. Тухайн сургууль  хэ­дэн ангид, хэчнээн төг­рө­гийн зардал үүсэх төсөв тооцоог гаргаж, аймаг нийс­лэлийн боловсролын газарт танилцуулна. Тухайн боловс­ролын газар дэмжиж, зөв­шөөр­сөн тохиолдолд  олон нийтийн хяналтын хэлэлцүүлэгт оруу­лах ёстой юм уу. Бүх зүйлийг албажуулж бодитой, магад­ла­сан төсвөөр хийж болох учраас хуулийн зөрчил үүсэхгүй. 

-Шалгалтын хоолны мөн­гө их шүүмжлэл да­гуулж байна. ЕБС-иас тодруулахад дотоод асуудал гэдэг тайлбар өгсөн?

-Адилхан хориглоно. Гүнзгий ангид ороход бүртгэлийн мөнгө хураадаг байдал  ч хориотой шүү дээ. Аль ч түвшинд, ямар ч тохиолдолд мөнгө хурааж хүүхэд, эцэг эхчүүдэд дарамт үүсгэхгүй байхыг дахин дахин анхааруулмаар байна.