ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хохирогч”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-28

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох сургаар хэд, хэдэн хүн нэр дэвших бэлтгэлээ базааж, хэрэндээ л бэлт­гэж гүйлээ. МАН, АН-ын тухайд нөхөн сонгуулийг хойшлуулчих бодол байсан. Тиймдээ ч Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуулийг хоёр удаа хойшлуулахад тэгтлээ ач холбогдол өгөхгүй Цэцийн шийдвэрийг зэрэгцэж суугаад хүлээгээд авчих бололтой. Харин тэр дунд хамгийн их хохирч яваа хүн бол Хуульзүйн ухааны доктор, профессор Л.Батжав. Энэ эрхэм хуулийнхан дундаа тэр тусмаа өмгөөллийн салбартаа нэр хүндтэй юм гэнэ лээ. Харин монголчуудын тухайд Хэнтийд нөхөн сонгууль болно гэсэн яриа гарснаас хойш таньдаг болсон билээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга өргөдлөө өгсний дараа нөхөн сонгуулийн тов зарлагдах үед цэнхэр дэлгэц, сонин, сайтын нүүрнээ Л.Батжав гэх хуульчийн тухай мэдээлэл тасралтгүй гарч эхэлсэн.

“Би хүүхэд хүчирхийлсэн этгээдийг өмгөөлөхгүй” гэх хачин жигтэй ярилцлага өгч, цэнхэр дэлгэцээр өдөр өнжихгүй гарч, пиараа хийсэн ч нөхөн сонгууль хойшлох шийдвэр гарч, эрхэм хуульчийн хүсэл талаар болсон юм. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тойргоо тойглож, олонд танигдахын тулд их л хичээлээ. Дахиад л нөхөн сонгуулийн тов зарлаж, бүр улс төрийн намууд албан бичгээ өгч эхлэхэд Л.Батжав дахиад л өрсөлдөхөөр орж ирсэн. Энэ удаа бүр тойрогтоо очиж, штабаа байгуулах тохироогоо хийчихээд байжээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц дахиад л нөхөн сонгуулийг хойшлуулж магадгүй болов. Хоёр намын нэр дэвшигч хэзээ ч хохирол амсахгүй.

Тэгээд ч МАН нэр дэвшигчээ ч тодруулж амжаагүй байсан. АН-ынхан Цэцийн шийдвэртээ зэрэгцээд нэр дэвшигчээ тодруулсан. Харин бүтэн хоёр жил бэлтгэлээ базаасан өнөөх л өмгөөлөгч ах хохирогч болж үлдлээ. Хоёр том намын золиос болов, тэр. Уул нь Л.Батжав хуульчийн тухайд тун ч мэдлэг боловсролтой нэгэн юм билээ. Монгол Улсын хоёр Ерөнхийлөгчид зүтгэж явсан, хууль зүйн салбараар 20 гаруй жил багшилсан, алдартай мафийн толгойлогчийг өмгөөлч явсан гээд намтар арвинтай. Гэлээ гэхдээ эрхэм хуульч сонгуулийн одгүй нэгэн бололтой. Гэвч эр хүн хоёр бүдрээ л биз. Эргэж босоод дахиад л үзэлцэх хэрэгтэй шүү. Ирэх сонгууль хаяанд ирчихсэн учраас цөхрөлтгүй тойргоо услаад байвал МАНАН дэглэмийг сэтлээд Хэнтийгээс цойлох ч юм бил үү хэн мэдлээ.