Ардчилсан нам төр барьж байх үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Жазагийн Амарсанаа гэх залууг бид өнөөдрийг хүртэл мэргэжлийн эмч, элэгний нэн чухал эмийг Монголд оруулж ирсэн “ачтан” мэтээр хардаг байв. Дэд сайдаар ажиллаж байхдаа ч тийм ойлголт төрүүлэх гэж хичээсэн, түүндээ ч хүрч чадсан. Гэвч тангараг өргөсөн эмч, тэр тусмаа дэд сайд хийх ёсзүйтэй нэгэн биш байсныг өчигдөрхөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийхдээ хэлж байх юм.
Токиод боловсрол эзэмшсэн, оточ хүний их эмч, бүр Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа гэгч нь эрүүл мэндийн салбарт эртнээс хувийн бизнестэй гэдгээрээ танигдсан нэгэн. Дэд сайд байхдаа ч энэ ажлаа хийсээр л байлаа. Гуравдугаар эмнэлгийн ойролцоо байрлах “Хаппи Веритас” лаборатори хувийнх нь бөгөөд энд олон төрлийн шинжилгээ хийдэг аж. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хууль бусаар мөнгө авч байсан гэх ноцтой баримт гарч ирэх нь тэр.
Тодруулбал, Ж.Амарсанаа гэгч нь “Хаппи Веритас” лабораторид элэгний вирусын шинжилгээ өгсөн ч сөрөг гарсан 1882, эмчилгээнд огт ороогүй 4442, нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 758 сая төгрөгийг завшсан гэх ноцтой асуудлыг Эрүүл мэндийн даатгалын сангийнхан шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Ийм л хүн олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг мэтээр дүр эсгэж, мэргэжлээ ашиглан шантааж хийж явна. Тэр одоо Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг.
Тэр ч утгаараа урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар хийж, илрүүлсэн сүрьеэгээр улс төр хийж, Эрүүл мэндийн яамны гадна намынхаа хэдэн хүнийг жагсааж улс төр хийв. Харин түүний цаад зорилго юу байсныг монголчууд өчигдөр л мэдэж авлаа. Салбарт нь эмэгтэй сайд ирэх болгонд үсчин дайрдаг увайгүй улс төр нь арай л хэрээс хэтрэв. Эмэгтэй хүн, тэр тусмаа ээж шигээ хүний зургийг хүн харахын аргагүй матарлаж барьчихаад зогсч байгааг нь хараад олон хүн эгдүүцлээ. Жагсаж тэмцэж, эсэргүүцэл илэрхийлж болох ч ийм увайгүй, эр хүнээс гарамгүй ёсзүйгүй үйлдэл гаргана гэж хэн ч санах билээ.
АН-ынхан ч гэсэн хүнээ сонгож чадсангүй. Өөрийг нь сайд хийж байхад сүрьеэ өвчний талаар ажилтнууд нь ярихад “Элэгний В, С-г яриач та нар. Сүрьеэ л яриад байх юм” хэмээн үл тоож байсныг ч сайд хэлчихлээ. Тэр начир дээрээ ийм л хүн ажээ. Тийн атлаа шударгын дүр эсгэж, эрүүл мэндийн салбар минь хайран хэмээн жүжиглэж байгаа нь хөрсөндөө буусангүй. Хувийн лабораториороо дамжуулж төрөөс мөнгө хумсалсан нь үнэн бол тэр мөнгөө л төл гэж хэлье. Улс төх харин таниар дутахгүй билээ.