Монгол хүү дэлхийн тайзнаа мандаж явна. Арав гаруйхан настай С.Чингүүн гэх энэ жаахан хүү танил бус Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж явна. Тэрбээр Америкийн алдарт “Никелодеон” телевизийн 20 жилийн түүхтэй “all that” гэх инээдмийн шоуны албан ёсны жүжигчнээр шалгарчээ. 2005 оноос хойш завсарлаад байсан алдарт шоу дэлхий дахиныг дахин шуугиулахаар албан ёсны жүжигчдээ шалгаруулж авсан аж.
Олон улсын хэмжээний нэр хүндтэй шоуны нүүр царай болохоор 20 гаруй мянган хүүхэд өрсөлдөж, шилдгийн шилдэг долоон хүүхэд шигшигдэж үлдсэний нэг нь С.Чингүүн. Хэд хэдэн шат дамжлаг бүхий ширүүн өрсөлдөөн дундаас тунаж үлдсэн бяцхан долоон жүжигчдийн шоу ирэх сарын 15-наас эхний дугаараа дэлхий даяар цацах аж. С.Чингүүн Шоуны багийн цор ганц Ази гишүүн гэдгээрээ дэлхий дахинд зөвхөн Монгол орноо бус нийт азичуудын төлөөлөл болж байгаа юм. Тэр ч утгаараа одоо тэр зөвхөн Монголын хүү биш дэлхийн хүн болох эхлэлээ тавилаа.
Зөвхөн өөрийнхөө амжилтын гарааг эхлүүлээд зогсохгүй хязгаар Монголыг дэлхийн дэвжээтэй холбох гүүрийг тавилцаж буй гавъяатнуудын нэг зүй ёсоор мөн. Тэр бол цөөхөн монголчуудын дундаас цойлж гялалзсан од. Бүрэнхийг үргээж, гэгээ угтах үүрийн цолмон. Сайн цагийн зөн. Сайхан ирээдүйн эхлэл. Бүх дэлхий одооноос монгол хүүгийн бүтээлийг шимтэн үзэх нь. Тавьсан эхлэл чинь бат байж, гаргасан амжилт чинь булган сүүлтэй байг.