ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“МАНай дарга”

O.Admin
2019-06-02

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга асан Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийг даргалах болсноос хойш энэ байгууллага ёстой л гэрлийн хурдаар ажиллах болов. Гэм нь “МАНай” Д.Одбаяр дарга Ардын намыг нь харлуулах гэсэн иргэний гомдлыг мартаж орхих юм. Ширээнд нь байдаг эсэхийг ч мэдэхгүй байгаа.

Цэцэд олон арван гомдол очдог ч даргын үзэмжээр дарагдах эсэх нь шийдэгдэнэ. Харин МАНай даргыг томилж явуулсан намын төлөөлөл болсон иргэний гомдолд ямар шуурхай арга хэмжээ авдаг гэж бодно оо. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өргөдлөө өгч чөлөөлөгдсөний дараа Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.

Тэгтэл “хадам ээж” Цэцэд өргөдөл гаргаж, Үндсэн хуулийн цэц ч асуудлыг долоо хоногийн дотор л хэлэлцсэн юмдаг. Ингээд эхний удаа нөхөн сонгууль хойшилсон. Харин энэ удаа иргэн Б.Ганхуяг Цэцэд дахин гомдол гаргаж, Д.Гантулгыг буруутай гэдгийг тогтоогоогүй байхад УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэсэн гомдол гаргажээ. Хамгийн нь хоржоонтой нь Цэц энэ үндэслэлийг хүлээж аваагүй. Харин тэс хөндлөн буюу нөхөн сонгууль явуулах тогтоол нь өөрөө хууль зөрчсөн, нөөц сангаас төсөв гаргах нь буруу гэсэн дүгнэлт гаргав.

Энэ шийдвэрийг мөн л гэрлийн хурдаар гаргаж билээ. Манай дарга ингэж л ажилладаг. Цэцийн дээр хөх тэнгэр биш томилсон нам нь байгаа цагт цаашдаа олон ч шийдвэрийг ингэж гаргах биз. “Мөнгөө төлсөн бол хөгжмөө тоглуулна” гэгчээр томилж явуулсан намдаа үйлчлэхгүй бол өөр хэнд ч ингэж түргэн шуурхай үйлчлэх билээ дээ. Тэр шийдвэр нь хууль зөрчсөн, үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх нь огтхон ч хамаагүй. Учир нь УИХ-д бас хамгаалалт байгаа учраас Дорнодын нэгэн улстөрч тэнд дур зоргоороо шийдвэр гаргаж болдог ажээ. 

Б.Эрхэс