Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас түүний оронд хэнийг томилох нь улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудал болоод байв. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаа шинэ гишүүний нэрийг танилцуулжээ. Тодруулбал, энэ удаагийн томилгоог УИХ-аас хийх ёстой учраас өөрийг нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг нэр дэвшүүлснээ танилцуулав. Г.Баясгалан харин энэ албаны тушаалд гологдсонгүй. МАН-ын бүлгийн 64 улстөрч түүнийг “мэргэжлийн хүн” хэмээн ихэд тоож, томилгоог 100 хувь дэмжсэн байна.
Г.Баясгалан олонд танигдах гэхээс илүү төрийн албанд тогтвортой ажилласан, мэргэшсэн албан хаагч. Цаашлаад, даргын даллагатай нэгэн гэхэд хэтийдсэн дүгнэлт болохгүй. Учир нь тэр УИХ-ын даргатай нэг нутгийнх. Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгсөөд ОХУ-ын Москвагийн Их сургуульд хуульчийн мэргэжил эзэмшжээ. Мөн Энэтхэг улсын Делигийн их сургуулийг ч төгссөн аж. Улмаар, төрсөн нутгийнхаа Прокурорын газарт мөрдөн байцаагчаар ажлаа эхэлсэн бөгөөд зах зээлийн хүнд үед Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга хийж явжээ. Харин 1999 оноос улс төрийн нам дагаж, Хуульзүйн яаманд газрын дарга хийж эхэлснээс хойш дандаа даргын албан тушаал хашсан гэхэд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн зөвлөгөө өгч, МАН-ын даргын ойр шадарлаж явсан Г.Баясгалангийн томилгоог шүүмжилнэ гэвэл жалга, довны томилгооны нэг боллоо гэж дүгнэж болно. Эерэг талаас нь харна гэвэл төрийн албаны шат дамжлагыг ном журмаар нь дамжсан туршлагатай нэг хуульч Цэцэд очих нь гэж харж болох билээ. Юутай ч улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон Үндсэн хуулийн цэц гэх завхарсан газарт дахиад нэг даргын шахаа очив уу, эсвэл төрийн мэргэшсэн албан хаагч очив уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Аль нь байхыгаа ч Г.Баясгалан дарга өөрөө шийдэх билээ.
Б.Эрхэс