“Монголын мэдээ” сонины брэнд булан болсон “Өдрийн хүн”-дээ бид тухайн өдөрт олон нийтэд сайн, муугаар танигдсан нэг хүнийг онцолж, сэтгүүлчийн дүгнэлтээр хэлсэн, үг хийсэн үйлдэлд нь дүгнэлт хийдэг юм. Уншигчдын маань унших дуртай бичвэрүүдийн нэг болсон энэхүү буландаа энэ удаа нэг хүнийг биш нэгэн хамтлагийг онцлохыг хүслээ.
Тэр бол “The HU” гэх нэртэй хамтлагийн залуус юм. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж буй залуусыг манай уншигчид таних байлгүй. Тус хамтлаг 2016 онд байгуулагдсан түүхтэй. “Олныг биш чанартай”-г гэсэн уриа дэвшүүлсэн хамтлагийн залуус өнгөрсөн хугацаанд хоёр уран бүтээл гаргасан нь өдгөө дэлхий нийтийн сонорыг мялаах болов.
“Wolf Totem” дууны видео фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн гайхалтай мэдээ дуулдаж байсан нь саяхан. Мөн өөр уран бүтээл нь болох “Yuve Yuve Yu” нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3.000 ширхэг борлуулалттайгаар энэ жагсаалтын долдугаарт орсон билээ. АНУ-ын зах зээлээс нийт 272 мянган удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байна.
Байгуулагдсан хугацаа нь богинохон ч гаргасан бүтээл нь санаанд оромгүй амжилт гаргаж, хэдийнэ дэлхийд танигдсан залуус саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анхны бие даасан тоглолтоо хийж, хөгжимд хайртай монголчуудын цөсийг хөөргөөд амжсан. Тоглолтын үеэр олон ч шинэхэн уран бүтээлээ хүргэсэн бөгөөд хамгийн анхны “Gereg” цомгоо ч өлгийдөн авчээ. Тэгвэл залуус өчигдөр буурал тивийг уяраахаар хүлгийн жолоо залсан байна. Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, монгол залуусын чадалтай хоолойг гайхуулахаар Европын орнуудаар аялан тоглолт хийх аж. Тэднийг очих сургаар тоглолтын билет ч хэдийнэ зарагдаж, дуусчээ.
Ийнхүү монголчууд дэлхийд гайхуулах нэгэн хамтлагтай болж байна. Үндэсний өв соёлыг тээж, түгээж яваа залуусынхаа аяны дөрөөнд нь сүү өргөж, алтан шар зам нь дардан байхыг хүсье. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, ямархуу чадалтай, чансаатай хамтлаг болохоо буурал тивийн сая, сая үзэгчдэд харуулаад ирээрэй. Монголчууд чинь та бүхнээр бахархаж, гаргасан амжилт бүрийг чинь уухайлан дэмжсээр байх болно оо.