ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Гансүх: “E-police” аппликейшнээр дүрэм зөрчсөн жолоочийг мэдээлж болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-05

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2019 он гарснаас хойш 240 мянга гаруй зөрчил илрүүлжээ. Тус төв гурван ээлжээр, 24  цагаар ажилладаг аж. Нийслэлийн хэмжээнд 150 уулзварт гэрлэн дохио ажиллаж байгаагаас 80 нь онлайнаар буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс удирдаж ажиллуулдаг байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийт сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Гансүхээс тодрууллаа

-Нийслэлийн  хэмжээнд хэдэн хяналтын камер байрлуулсан бэ. Өдөрт хэчнээн зөрчил бүртгэгддэг бол?
-Замын хөдөлгөөний удирдлагын төв Улаанбаатар хотын 37 цэгт камер байрлуулсан. Зөрчил илрүүлэх систем  31 байршилд бий. Он гарснаас хойш нийт 240,390 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс хурд хэтрүүлсэн 13885, гэрэл дохио зөрчсөн 165 мянга, нэгдүгээр эгнээгээр зорчсон 205491, E police-д ирсэн 3883 зөрчил илэрлээ. Мөн замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт 2700 орчим зам тээврийн ослыг илрүүлсэн байдаг. Үүнээс гадна хяналтын камерт өртөөгүй маш олон зөрчил  бий гэдгийг ойлгох хэрэгтэй.  Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн  хэрэгслийн жолоочид Тээврийн цагдаагийн албатай хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

-Зарим үед автомашины урсгалыг их явуулж,  зам хөндлөн гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, удаан хүлээл­гэдэг. Ялангуяа өглөө ажлын цагийн үеэр ийм байдал их гардаг учраас иргэд их бухимддаг?
-Энэ төрлийн гомдлыг их хэлдэг. Тэр болгонд хяналтын камераар хардаг. Ингэхдээ дөрвөн замын уулзварыг дээд талаас нь харж, дараа дараагийн уулзваруудтай холбодог  гэсэн үг. Тийм учраас аль болох оновчтой зохион байгуулахыг хичээдэг. 

-Нийт 37 цэгт камер байршуулсан гэлээ. Нийслэлийн хэмжээнд хүрэл­цээтэй байж чадах уу?
-Анх 2010 онд 27 уулзварт хяналтын камер байршуулж байлаа. Одоогоор эдгээр 37 хяналтын камер  хотын төвийн хэсгийг л хянаж байна. Цаашил хэрэгцээ шаардлага байгаа. Бид цаашдаа хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахаар төлөвлөгөөндөө тусгасан. 

-“E-police”-ийн талаар мэдээлэл өгөөч. Ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?
-“E-police” аппликейшн гаргасан. Зам дээр ажиллаж буй цагдаа, энэ олон камерууд нийлээд ч зөрчил болгоныг нэг бүрчлэн харах боломжгүй байгаа юм.  Харин иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн зөрчлийг илрүүлээд бидэнд туслах,   хүмүүсийн ухамсарт нөлөөлөх маш чухал аппликейшн юм. Одоогоор 15 орчим мянган иргэн энэ аппликейшнийг татсан байна. 2018 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 7000 гаруй зөрчлийг баримтжуулж манай төвд илгээсэн байдаг. Өдөрт дунджаар  манай төвд 100 орчим торгууль ирдэг. Гэвч  50 хувь нь чанарын шаардлага хангахгүй, хариуцлага тооцох хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл  7000 зөрчил ирснээс 3838 торгуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. 

-Яагаад чанарын шаардлага хангахгүй байна вэ? 
-Жишээлбэл, түр зогсохыг хориглосон тэмдэглэгээтэй замд автомашинаа байрлуулсан байлаа гэж бодоход,  иргэд зураг авахдаа зөвхөн автомашины зургийг тулгаж авах жишээтэй. Эсвэл давхардуулж илгээх гэх мэт шалтгаанаас болж зурагнууд  шаардлага хангадаггүй.  Тэгэхээр хариуцлага тооцох боломжгүй болчихдог. Нөгөө талаас автомашины ард жолоо барьж явахдаа битгий “E police” аппликейшныг  хэрэглээрэй гэдгийг дахин, дахин сануулмаар байна. 

-“E police” аппликейшнд ирсэн гомдлыг хэд хоногийн хугацаанд шийдвэрлэх вэ? 
-Өнөөдөр ирсэн зөрчил байлаа гэхэд, баримтжуулаад маргааш нь хариуцлага тооцдог. Хяналтын камерт ирж буй зөрчил ч мөн өнөөдөр торгуульд орсон бол, маргааш нь 15 цагийн үед  “Монгол шуудан” компанийн ажилчдад хүлээлгэж өгдөг. 

-Торгуулиа төлсөн ч,  арилахгүй байна гэдэг гомдлыг иргэд гаргадаг шүү дээ? 
-Ийм төрлийн гомдол  сүүлийн гурван жилийн  хугацаанд маш их ирсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ гомдлыг арилгахын тулд хэд хэдэн ажлыг хийлээ. Энэ хүрээнд “Улаанбаатар” болон “Төрийн банк”-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад  бүх шилэн кабельд холбогдож, мэдээллийг холбодог.  Ийм тохиолдолд тухайн банкуудаар үйлчлүүлсэн иргэд автомашины улсын дугаараа хэлээд торгуулиа төлж болно.  Тэр нь ямар нэгэн алдаа гарахгүй гэсэн үг.  Мөн торгуулийн хуудсанд QR код хэвлэгдэн гарсан. QR кодыг уншуулаад торгуулиа төлвөл, энэ төрлийн гомдол гарахгүй байгаа. 

-Зөрчил гаргасан жолооч нар торгуулиа төлөлгүй уддаг. Олон сар жилээр торгуулиа төлөөгүй бол  ямар арга хэмжээ авдаг вэ?
-Жолооч нар торгуулиа төлөх үүргээ мэддэг ч гэсэн хайнга ханддаг. Хуулийн хугацаа нь 15 хоногийн дотор төлөх заалттай. Хугацаандаа төлөөгүй жолооч нарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс илрүүлнэ. Ингээд утсаар холбогдох, сануулга өгөх, цагдаагийн байгууллагатай хамтран шалгах гэх мэт арга хэмжээ авдаг. Хэрвээ олон жил дамнасан бол тээврийн хэрэгслийг нь журамлана. 

-Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад  зөрчил буурсан уу? 
-Хяналтын  камер ажиллаж байгаа учир иргэд хурд хэтрүүлэхгүй байх,  бүсээ зүүх, зогс шугамын ард зогсох ёстой гэх мэтээр манай жолооч нар харьцангуй соёлжиж байна. Үүнийг дагаад торгуулийн хэмжээ буурч байгаа.

-Шар шугамын тэмдэглэгээг хэрэг­жихгүй байгаа талаар иргэд ярьж байгаа. Зарим нь ойлгоогүй байсан? 
-Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шар тэмдэг,  тэмдэглэгээн дээр зогссон жолооч нарт хариуцлага тооцож эхэлсэн. Дөнгөж эхэлж байгаа ч гэсэн, жолооч нар зөрчихгүй байхыг  хүсмээр байна. Хамгийн  энгийнээр тайлбарлахад, хэдий машин зорчиход зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан ч, дараагийн угтаж авах уулзвар дүүрсэн, очоод зогсоход  шар тэмдэг тэмлэглэгээ байгаа бол та битгий яваарай гэсэн үг шүү дээ.

-Жолооч санамсаргүй зогссон бол яах вэ. Ямар тохиолдолд үүнд хариуцлага тооцохгүй вэ? 
-Баруун эргэж, явган зорчигчдод зам тавьж өгч байхад тээврийн хэрэгслийн жолооч шар  тэмдэг дээр  зогсох шаардлага гардаг. Тийм тохиолдолд алба хаагч нар шалгаад, хариуцлага тооцохгүй. Мөн зохицуулагчийн дохиогоор ороод  шар тэмдэг тэмдэглэгээн дээр зогссон тохиолдолд хариуцлага тооцохгүй гэж ойлгож болно.