Ардчилсан нам Ж.Батзандан, Л.Болд гэсэн хоёр гишүүнээ “алдсан”. Өнөөх хоёр нь “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу “ШИНЭ” намыг байгуулж, өчигдөр анхны хурлаа хийлээ. Намын даргаа ч сонгов. ШИНЭ намын даргаар Ж.Батзандан сонгогдож, шинэ дарга “төрлөө”. Цагтаа иргэний нийгмийн хөдөлгөөнийг байгуулж, жагсаж, явсан тэрбээр сүүлдээ АН-ыг сонгосон байдаг. Бас Иргэний хөдөлгөөний намыг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байлаа.
Гэвч байгуулсан, элссэн намуудаа замын дунд орхиж, заримаас нь хөөгдсөн. Иргэд шударга ёсыг хамгийн их хүсч, шударга бусыг үзэн ядаж буй энэ үед шударга, иргэд гэсэн үг орсон нам байгуулж, дарга нь болжээ. Монголд хэн дуртай нь нам байгуулж болдог. 32 намыг Дээд шүүх бүртгээд авчихсан. Нам байгуулж байгаа хүн бүрийн зорилго УИХ-ын гишүүн болох юм.
Тэгвэл АН-ын нэрээр улс төрд оролцох боломжгүй болсон Ж.Батзанданд шударга ёс, иргэдийн нэрийг барьсан нам байгуулж, замналаа үргэлжлүүлэх оролдох л үлджээ. Тиймдээ ч намаа байгууллаа, дарга нь ч боллоо. Парламентад суудалтай нам нэгээр нэмэгдэв. Бүр АН-тай адилхан зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахаар боллоо. Хоёр том намын даргатай ам хэлээрээ, чанга дуугаараа, гүн ухааны үгээрээ уралдах нь дээ.
Тэр АН-ын дарга шиг шулуухан ярьж, МАН-ын дарга шиг үхэхээс айхгүй байхаас гадна хоолойгоо хангалттай шахаж, олонд таалагдахын тулд юу ч гэж попорч чадах авьяастан. “ШИНЭ” намын дарга сонгууль болтол С.Зоригийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн гэх хоёр хүнтэй холбоотой сэдвээ хөөсөөр битгий дуусаасай. Нэгэнт парламентад суудалтай намын дарга болсон бол ядаж л АН-ын зөвлөлийн хэмжээнд акц хийгээсэй билээ. Нэг сэдэвт гэдэг шиг хоёрхон хүнээс холыг харж чадахгүй бол ШИНЭ нам ч газар авахгүй л байх даа, шинэ дарга аа.