ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бутач Жон Снөү зэрлэг Игрийт нар шилдэг хосууд

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-09

Нэрт зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” хэмээх алдарт зохиолоо бичихдээ Английн нэгэн хааны амьдралыг эш татжээ. Тэр нь Английн анхдугаар Уильям хаан бөгөөд тэрбээр төрөлх нутагтаа “Бутач” Уильям гэгддэг байсан аж. Харин хожмоо эзлэн түрэмгийлэгч гэх нэрээр алдаршсан бөгөөд түүнийг  сэнтийд өргөмжлөгдөөс 130 гаруй жилийн өмнө Англо-Саксоны Долоон хаант улс нэгдэж, нэгдсэн орон болсон гэдэг. Тэгвэл түүний амьдралаас Жон Снөүгийн дүр тодорч гарчээ. Жон Снөүгийн өвөг анхдугаар Эйгон эзлэн түрэмгийлэгч хэмээх цолтой байсны дээр Уильямын адил Долоон хаант улсын нэгдлийг бататгадаг гэдгийг кино сонирхогчид мэдэх билээ. Манай сонин HBO телевизийн алдарт цувралд “Хаан ширээний тоглоом” киноны гол дүрд тоглосон жүжигчдийн амьдрал, уран бүтээлийн талаар цувралаар бэлтгэн хүргэж буй. Энэ удаа “Бутач” Жон Снөүгийн дүрд тоглосон Кит Харингтоныг онцолж байна. 

Яруу найрагч болохыг мөрөөддөг байв. Урт буржгар үс, суворов хэлбэрийн сахалтай, баатарлаг имижтэй, олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан царайлаг жүжигчин Кит Харингтон багадаа тийм ч сэтгэл татам байсангүй. Буржгар халимаг үс, харааны нүдний шилтэй даруухан хүүг тухайн үед хэн ч, дэлхий дахинаа алдаршсан жүжигчин болно гэж төсөөлөөгүй нь мэдээж.  Тэр үед ээж шигээ бичгийн хүн болох зурвас мөрөөдөлтэй хүү шүлэг, яруу найрагт шимтэж, өөрийн гэсэн бүтээлээ туурвидаг байж. Гэхдээ ичимхий байсан болохоор ч тэр үү бичсэн шүлгээ тэр бүр хүнд уншиж өгч байгаагүй гэнэ.

Тэрбээр сэтгүүлд “Одоо харвал ичмээр. Шүлэг гэхэд хэцүү л юм бичдэг байсан байх. Би хэзээ ч, хэнд ч уншиж өгч байгаагүй. Зүгээр л бичдэг байсан” хэмээн дурсч байсан юм. Түүний жинхэнэ нэрийг Кристофер Харингтон гэдэг.  Тэрбээр 1986 оны арванхоёрдугаар сарын 26-нд төржээ.  Өвөл арванхоёрдугаар сард төрсөн хүмүүст тохиолддог зовлонг тэр хамгийн сайн ойлгоно. Учир нь түүний төрсөн өдөр Зул сарын баярын маргааш болдог учир баярын өдрөө хэзээ ч ач холбогдол өгч байгаагүй гэнэ лээ.  Ээж нь жүжгийн зохиолч бол аав нь бизнесмэн. Түүнийг багаас нь л Кит гэж дууддаг байсан тул 11 нас хүрэхдээ л өөрийн жинхэнэ нэр нь Кристофер болохыг олж мэдсэн гэдэг. 

Английн түүхэн дэх алдартай жүжгийн зохиолчдын нэг Кристофер Кит Марлоугийн нэрээр түүнийг нэрлэсэн байна. Хэрэв жүжигчин болоогүй бол тэр зохиолч ч болж болох байж. Харин 14 насандаа  “Waiting for Godot” гэх алдартай жүжгийг театрт үзсэнийхээ дараа кино урлагт хүч үзэхээр эргэлт буцалтгүй шийджээ.  Улмаар ахлах сургуулиа төгсмөгцөө л кино, драмын сургуульд орж, мэргэжлийн дасгал сургуулилт хийж эхэлсэн байна. Тэнд сурч байхдаа Кит  “Дайны морь” жүжигт тоглож, хоёр ч удаа “Оливьер авардс”-ын шагнал хүртжээ.  Чухам энэ үеэс л түүний карьер эхэлсэн гэж хэлж болно. Учир нь эл жүжигт тоглохдоо тэр “Хаан ширээний тоглоом” киноны найруулагчдын хараанд өртөж, зураг авалтад оролцох урилга хүлээн авсан юм. Түүний энэ бүх амжилтад ээжийнх нь үүрэг хэмжээлшгүй их. Хэрэв ээж нь жүжгийн зохиолч биш байсан бол, хүүгээ урлагаас хөндий өсгөсөн бол тэр театрт дурлаж, жүжигчний мэргэжил сонгохгүй ч байсан байж мэднэ. 

Дүрийн шалгаруулалтад хөхөрсөн нүдтэй очжээ

“Хаан ширээний тоглоом” киноны Жон Снөүгийн дүрийн шалгаруулалтад оролцохын өмнөх орой азтай ч юм шиг, эсвэл бүр азгүй ч гэмээр явдал түүнд тохиолджээ. Жүжигт тоглож, басхүү гадаад төрхөөрөө охидын сэтгэлийг татах болсон Кит нэгэн бүсгүйтэй болзож, “Макдоналдс”-аар үйлчлүүлсэн байна. Хүн ихтэй, танхимд сул суудал олдохгүй байж гэнэ. Ингээд нэг ширээнд өөр нэг хосын хамт суух болжээ. Гэвч, хамт суусан залуус нь тийм ч эелдэг нэгэн байсангүй. Кит ч бууж өгөхийг хүсээгүй тул гар зөрүүлээд амжсан байна. Маргааш өглөө нь хөхөрсөн нүд, нүүрэндээ шарх сорив болсон залуу дүрийн шалгаруулалтдаа очсон бөгөөд тэдгээр шарх сорви нь ч дүрээ сайн гаргахад эерэгээр нөлөөлж өгчээ. Мэдээж тэр тэнцсэн хэрэг.  Тэрбээр хэвлэлд “Тэр залуу нүүр рүү цохьсоноороо харин ч надад тусалсан гэж боддог. Хэрвээ тэр намайг одоо үзэж байгаа бол чамд баярлалаа” хэмээн ярьж байв. Кино төсөлд Кит Харингтон 2011 онд нэгдсэн билээ. Түүний жүжиглэлт, дүр төрх ч үзэгчдийг байлдан дагуулж, олон олон кинонд тоглох урилга, сая сая ам.долларыг түүнд авчирсан юм. 2011 оноос хойш тэрбээр “Долоо дахь хүү”, “Testament of Youth”, “Brimstone” зэрэг кинонд тоглож, “Лууг хэрхэн сургах вэ-2” кинонд дуу оруулсан байна. Кино алдарших тусам тэр улам бүр завгүй болж, 2014 онд гэхэд дөрвөн ч кинонд гол дүр бүтээжээ. Олон кинонд тоглоход гадаад төрх өөрчлөгдөх шаардлага тулгарах нь гарцаагүй. Гэвч, “Хаан ширээний тоглоом” цувралын Жон Снөүгийн гол имиж бол урт буржгар хар үс. Тиймдээ ч хиймэл үс зүүх шаардлагатай тулгарч байсан гэнэ. 

Английн хааны хамаатан

Угсаа гарвал талаас нь авч үзвэл Кит Харингтон Британийн хааны гэр бүлтэй холын хамаатан гэнэ билээ. Бүр тодруулбал, хоёрдугаар Чарльз хаан түүний өвөг эцгүүдийн нэг аж. Бас өөр нэг сонирхолтой баримт нь түүний ээжийн талын өвөг дээдэс нь Шотланд, Англи, Ирландын хаан нэгдүгээр Жэймсийг хөнөөх төлөвлөгөөнд оролцож явсан бол аавынх нь талынхан хааны хамсаатнууд байсан гэдэг. Кит жүжиглэхийн зэрэгцээ “Жимми чоо”, “Долсе Габанна”, “The One” брэндийн нүүр царайгаар ажилладаг. “Хаан ширээний тоглоом” киноны нэг бүлэг бүрээс хоёр сая еврогийн орлого олсон тэрбээр эдүгээ Английн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болж чадсан юм. 

Шилдэг хос

“Хаан ширээний тоглоом” кино түүний залуу нас, амьдралтай салшгүй холбоотой. Анх 25 насандаа төслийн нэг хэсэг болсон тэрбээр эдүгээ 33 хүрсэн билээ.  Хайр дурлал нь ч энэ л цувралтай холбоотойн дээр тэр эхнэртээ “хоёр удаа” дурласан юм.  
Кинонд хаа ч очсон бутач хэмээн дуудуулдаг Нэт Старкийн дагавар хүү Жон Снөү зэрлэг овгийн Игритт хэмээх бүсгүйд дурласнаар киноны үйл явдал улам сонирхолтой болдог шүү дээ. Тэгвэл тус дүрд тоглосон Рөүз Лесли бодит амьдрал дээр ч түүний дурлалт бүсгүй. Тэд 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд 2018 оны зургадугаар сард гэрлэжээ. Тэднийг хамгийн шилдэг алдартай хосуудын жагсаалтад багтаадаг юм. Эхнэртэйгээ учрахаасаа өмнө Кит гурван бүсгүйтэй  дотно харилцаа үүсгээд амжсан билээ.  Тэрбээр аалзнаас маш их айдаг гэнэ.