ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нисдэг жаал”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-09

Сайн эцгийн нэрийг сайхнаар дуудуулна гэдэг юутай бахархалтай. Гуравхан сая хүн амтай энэ жижигхэн улс багийн спортын төрлөөр ч амжилт гаргаж болдог юм гэдгийг харуулж буй нэгэн сайн аавын хүүг энэ өдөр онцлон бичиж байна. Монгол Улсын сагсан бөмбөгийн спортод өөрийн нэр, амжилтаа хэний ч дэмжлэггүйгээр дархалж чадсан МУГТ Ц.Шаравжамцын хүү аавынхаа адил энэ спортод гялалзаж байна.

АНУ-д боловсрол эзэмшиж,  АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” сургуулийн лигт тоглодог Ш.Энхийн-Од хүү энэ өдрүүдэд эх орондоо “од” болж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй болсон 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн “3х3” ДАШТ-ий талбайд од болон гялалзав. Азийн орнуудаас ганцхан Монгол Улс хагас финальд шалгарахад энэ хүүгийн оруулсан гоол бүхэн үнэ цэнтэй байлаа.

Сагсан бөмбөг сонирхогч хүн бүхний нүд чих Төв Азийн цээжнээ орших Монгол Улсын төв талбайг онилсон энэ үед ямархуу энтэй тамирчны хүү вэ гэдгээ харуулж, элэг нэгт монголчуудынхаа бахархлыг төрүүлэв. Түүнд монголчууд “нисдэг жаал” гэх нэрийг ч өгчихжээ. Монголын багийн тоглогч Ш.Энхийн-Од Латви болон Белорусын эсрэг хоёр тоглолтод 22 оноо авснаар энэхүү ДАШТ-ний онцлох таван тамирчны нэг хэмээн нэрлэгдэв.

Багаа шилдэг наймд үлдээж чадсан хоёр гол тоглогчийн нэг нь яах аргагүй Ш.Энхийн-Од байсан юм. Тэр  долоон настайгаасаа сагсан бөмбөгийн спортод дурлажээ. Есөн настайдаа анхны тэмцээндээ орж байсан бяцхан хүүгийн мөрөөдөл Монголоос NBA-д орж, АНУ-д амжилт гаргах гэнэ билээ. Шантрах үе олон байсан ч шартай учраас амжилтад хүрнэ хэмээн зүтгэж явсан хүүгийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүйг бид харж байна, цаашдаа ч харах биз.

Америкт сурч буй сургуульдаа 100 хувийн тэтгэлгээр суралцдаг бөгөөд АНУ-ын өсвөрийн сагсан бөмбөгийн спортод гялалзаж яваа хүүг зургаан ч их сургууль тэтгэлгээр суралцуулахыг урьж байжээ. Сайн эцгийн нэрийг сэвтээхгүй өргөж, сайнаар үлгэрлэнэ гэдэг ийм сайхан. Илүү өндөрт нисч, илүү их амжилт өөдөө тэмүүлээрэй. Оруулсан гоол бүрийн чинь тоогоор огших өдөр илүү олон байгаасай, “нисдэг жаал” минь.