ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг хэрэгжүүлнэ

O.Admin
2019-06-10

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэлээс тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяны талаар тодрууллаа. 

-“Улаан тариа-2” аяны талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Жилд гарч буй  халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Мөн жилд 50 орчим 
хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байгаа. Ядуурал, архидалт, гэр бүл салалт, хувь хүний зан үйлээс шалтгаалж тэмбүү өвчин үүсдэг. Энэ өвчин нь яс, үс, арьс салст цаашлаад мэдрэлийн эсийг гэмтээдэг. Мөн хөдөө орон нутгийн жирэмсэн эхчүүд Улаанбаатар хотод орж ирээд,  айлын түрээсийн байранд амьдарч, шилжүүлгээ хийлгүүлэлгүй хяналтандаа орж чадахгүйгээс болж төрөлхийн тэмбүүгийн тохиолдол ихэсч байна. Тиймээс бид тэмбүү өвчинтэй “дайн” зарлаж байгаа юм. Бид зорилтот бүлгүүд, бөөнөөрөө ажиллаж байгаа уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдад хүрч ажиллана. 

-“Улаан тариа-2” аяныг ямар албан байгууллагатай хамтран хэрэгжүүлэх вэ. Санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ. Улсын төсвөөс гаргах уу?
-Эрүүл мэндийн салбар бүхэлдээ бүх нөөц бололцоогоо ашиглан тэмбүү өвчинтэй тэмцэнэ. Уул уур­хайн яам, Аймгийн ЗДТГ, ХӨСҮТ, дүүрэг болон өрхийн эмнэл­гүүд, Олон улсын байгууллагууд болон ТББ-ууд хамтран сүлжээ үүсгэж ажиллана. Улсын төсөв болон НҮБ-ын “Глобаль” сангаас санхүүжилт авч,  аянаа хэрэгжүүлнэ.

-“Улаан тариа-2” аяны хүрээнд ямар зорилт дэвшүүлэн ажиллах вэ?
-Тэмбүү өвчнийг бүр мөсөн устгахын тулд хоёр жилийн хугацаанд ажиллана. Аяны хүрээнд хоёр зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, жирэмсэн эхчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулна. Жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчтэй байхад эмчилгээ хийвэл урагт нөлөөлөхгүй. Ураг эрүүл гарна. Хоёрдугаарт, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг сайн оношилж, эмчилнэ. Ард иргэдээ эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, эмчилгээ хийнэ.

-Тэмбүү өвчнийг ямар аргаар яаж устгах вэ?
-1960 оноос тэмбүү өвчнийг амжилттай устгаж чадсан гурван удаагийн хүчжүүлсэн пенициллинийг долоо хоногийн зайтай гурван удаа хийснээр бүрэн эдгэрнэ. Түүний дараа зургаан сарын хугацаатай нэг жилийн хяналтад байлгана. Өвдсөн хүн дахин халдвар авахгүйн тулд цаад хавьтагчаа зааж өгч, өвчнийг нь илрүүлж, эмчилгээнд хамруулж, эрүүл болгож чадвал дахин халдвар авахгүй нөхцөл бүрдэнэ. Эрт илрүүлгийн үзлэгт иргэд хойш суулгүй хамрагдаж идэвхтэй оролцож бидний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж хийж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй.

-Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага тэмбүү өвчинтэй тэмцэх ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ? 
-Төв аймгийн Зуунмод хотод 21 аймагт байхгүй жирэмсний программ нэтрүүлсэн. Тус программаар найман төрлийн илрүүлэг үзлэг хийдэг. 17440 эмэгтэйг хамруулж халдварт өвчнийг эрт илрүүлж эмчилсэн.  

А.Баяржаргал