“Эгэл амьдралын мөр” ТББ-ын тэргүүнээс Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга болтлоо дэвшсэн Б.Гүрсоронзон албан тушаал дэвшиж, Авто тээврийн үндэсний төвийг удирдахаар болжээ. Уншигч та санаж буй бол 2013 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны “Алтан сарнай-2013“ тэргүүн наадмын хүмүүнлэгийн салбарын шилдгээр тодорч явсан хүн бол Б.Гүрсоронзон юм. Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг ажлын байртай болгох гэх мэт ажлыг хийх зорилготой 2012 онд байгуулагдсан түүний ТББ нь тэгтлээ удаан оршин тогтнож чадаагүй. Хатуухан хэлэхэд, тэргүүнээ улс төрд таниулах гүүр болчихсон гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй биз. 2015 он хүртэл тууштай үйл ажиллагаа явуулсан тус ТББ нь одоо хаана, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус.
Намын дэргэдэх залуучуудын байгууллагаар гавьяагаа үнэлүүлж, улс төрд маш амархан танигдсан энэ залуу өдгөө олон зуун мянган иргэний өдөр тутмын үйлчилгээ авдаг Төрийн өмчит, үйлдвэрийн газрыг даргалахаар болж байна. Гэвч залуу хүний эрч хүчээр ажлаа эхлэх бус дотооддоо халаа сэлгээ хийж ажлаа эхлүүлсэн гэх яриа ч чих дэлсэв. Авто тээврийн үндэсний төв бол маш том бүтэцтэй, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг газар. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үзлэг оношилгоо, дугаар олголт, том оврын автомашины зөвшөөрөл, хот хоорондын бүх автомашины аюулгүй байдалд анхаарлаа хандуулах ёстой газар билээ. Тэр хэрээрээ ч улсын төсөвт асар их мөнгө бүрдүүлж байдаг энэ газрыг үе үеийн Засгийн газар дандаа мэдлэгтэй, мэргэжлийн, үгүй ядахдаа л туршлагатай нэгэнд даатгаж ирсэн юм. Өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ж.Бат-Эрдэнээс эхлээд л П.Дэлгэрнаран хүртэл дандаа туршлагатай мэргэжлийн алба хаагчид энэ салбарыг удирдаж байлаа.
Харин хаана, хэрхэн ажиллаж байсан нь тодорхой бус, намын дэргэдэх байгууллагаар улс төрийн “хурган” албан тушаалд томилогдож байсан туршлагагүй шинэковт энэ ажлыг даатгана гэж төсөөлсөнгүй. Ийм хүн ч энэ салбарыг удирдчихдаг юм биш. Ерөөс шат, шатанд танил талтай, арын хаалгатай, нам дагасан залуус тодорч байгаа жишгээр л энэхүү томилгоог хийчихжээ. Төрийн бус байгууллагыг толгойлж, олон хүний амьдралыг өөрчилсөн гавьяаг нь хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү маш мэдрэмжтэй, мэргэжлийн байх ёстой хариуцлагатай салбарыг удирдах чадвар түүнд байгаа эсэхийг хэлэхэд эрт байна. Залуу хүний эрч хүчээр албан тушаалдаа бардахгүй ажиллана гэж итгэж сууя. Тэгж чадахгүй, халаа сэлгээг урьтал болгож, халж солиод эхэлвэл хариуцлага тооцох арга ч бас хажууд нь байдгийг мартуузай.
Б.Эрхэс