ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: Оюутолгойн гэрээг Үндсэн хуультай хамт хэлэлцэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас цөөн асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ. Үндсэн хуулийн хэлэлцэж эхэлбэл бусад асуудал хэлэлцэхийг хуулиар хориглосон байдаг. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан Оюутолгойн гэрээ тэргүүтэй асуудлууд орхигдоно гэсэн үг үү. Намрын чуулганаар хэлэлцэх үү?

-Үндсэн хуулийг чуулганаар хэлэлцэх үед бусад ямар ч асуудлыг хойшлуулдаг дэгтэй. Гэхдээ дэгийн хуульд Үндсэн хууль хэлэлцэж байх үед онц ач холбогдолтой асуудлаар нэг удаа тогтоолын төсөл боловсруулж оруулж ирж болохоор өөрчилсөн. Оюутолгойн хувьд ажлын хэсэг ажиллаад дүгнэлтээ гаргачихсан. Одоо зөвхөн Засгийн газарт чиглэл өгөх, тус гэрээг засч залруулах УИХ-ын тогтоолын төсөл бэлтгэх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тэгэхээр тогтоолын төслөө бэлэн болгоод УИХ-аар батлуулахаар нэг удаа оруулж болно гэсэн үг. Оюутолгойн гэрээтэй холбоотой Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл долдугаар сард бэлэн болох байх. Төсөл бэлэн болсон үед УИХ-д өргөн бариад Үндсэн хууль хэлэлцэх үеэр давхар хэлэлцэх талаар ярьж байгаа. Харин хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч амжаагүй нийгэм эдийн засагтай холбоотой чухал хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэхээр болж байна. 

-Оюутолгойн гэрээ манай талд ашиггүй гэрээ болсныг шүүмжилж байна. Эндээс авах ашгаа ядаж 50 хувьд хүргэх боломж бий юу?

-Оюутолгойн гэрээ бол хэт нэг талыг барьсан гэрээ. Монгол Улс болоод Монголын ард түмэнд ямар ч ашиггүй. Лобби, авлига нэвт үнэртсэн гэж хэлж болно. Бид дэлхийд эхний гуравт багтах том ордоосоо ашиг хүртэж чадахгүй байгаа. Харин ч төлж байгаа татвараасаа илүү өрөнд орж байгаа нь байж боломгүй асуудал. Ашгийг нэмэгдүүлэх боломж бий. Илт нэг талыг барьж, авлига, лоббид автагдсан гэрээг өөрчлөх шаардлагатай. Өөрчлөх боломж ч бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед гурван Засгийн газар үүнийг засч чадаагүй. Ц.Элбэгдоржийн нөлөө байсан гэсэн үг. Одоо бол Ерөнхийлөгч, Засгийн газар өөр боллоо. Тэгэхээр гэрээнд засвар оруулах боломжтой гэсэн үг. 

-Гэрээг өөрчилнө гэхээр нөгөө тал хэрхэн хүлээж авах бол?

-Цаг хугацааны үнэнд гүйцэгдэж байна шүү дээ. “Рио Тинто” компанийн зүгээс  ямар байр суурьтай байх нь тийм ч чухал биш. Гол нь энэ гэрээ илт нэг талдаа үйлчилсэн гэрээ. Дубайн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнд зайлшгүй засаж залруулах олон асуудал бий. Татвартай холбоотой асуудлыг ч нэлээд нухацтай авч үзэж, өөрчлөх ёстой. Эрдэнэт хотыг дагаад хот боссон шиг “Рио Тинто”-г дагаж Өмнөговьд хот босох ёстой. Зам барилга орон сууцууд баригдах ёстой юм. Энэ мэт засаж сайжруулах зүйл их бий. Үүнтэй Оюутолгойн одоогийн удирдлагууд ч санал нэгдэж байгаа юм билээ. Гол нь ажлын хэсэг л сайн ажиллах хэрэгтэй байна. 

-Хаврын чуулган завсарлах гэж байна. Ээлжит бус чуулган зарлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ  гэж байна. Ээлжит бус чуулган зарлах асуудал ярьж байгаа юу?

-Ээлжит бус чуулган зарлахгүйгээр наадам өнгөртөл хэлэлцээд явна гэж ойлгож байгаа. Шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлах байх. Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.