Хүчтэй бороо орсны улмаас орон нутгийн зам эвдэрч, хүний амь нас эрсэдсэн билээ. Улмаар, Улаанбаатар хот-Төв аймгийн Лүн, Баянхангай, Эмээлтээс гарч буй чиглэл болон Төв аймгаас Дундговь аймгийн Мандалговь сум хүртэлх замыг хэсэгчлэн хаасан юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалаас тодрууллаа.
-Үерийн улмаас орон нутгийн зам эвдэрсэн мэдээлэлтэй байна. Ямар нөхцөл байдал үүссэн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлээс гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хүндэрсэн байдалтай байна. Зургадугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн байдлаар Төв аймгийн Лүн, Баянхангай сумын 117 дахь километр замд Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Өчигдрийн 18:00 цагаас хойш энэ чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд оруулна гэсэн ч, замын эвдрэл, нөхцөл байдлаас шалтгаалж сунгаж магадгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Төв аймгаас Дундговь аймгийн Мандалговь сум руу зорчих 70 дахь километрийн замын нэг эгнээний зорчих хэсэг бүхэлдээ усанд урслаа. Улмаар Төв аймгийн замын цагдаагийн алба хаагчид тухайн замд хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа.
-Бусад аймагт нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Бусад аймгуудын хувьд зам тодорхой хэмжээгээр хүндэрсэн. Зорчих хэсэгт аюул, саад тулгараагүй боловч замын баруун, зүүн талаар шороон замууд усанд урссан байдалтай байна. Тиймээс замын эвдрэлээс болж тойрч гарах шаардлага тулгарвал аливаа ослоос урьдчилан сэргийлэхийг нийт жолооч нарт анхааруулъя. Орон нутгийн ихэнх зам эвдрэл гэмтэлтэй байгаа учир, том оврын автомашин, хот хоорондын тээврийн хэрэгслүүд хурдаа зөв тохируулж зорчих шаардлагатайг онцлох хэрэгтэй байх.
-Лүнгийн замд автомашин осолдож хүний амь эрсэдсэн. Уг осол замын эвдрэлээс болсон уу, эсвэл жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болсон уу?
-Ням гарагт буюу зургадугаар сарын 16-ны өдрийн 18:10 цаг орчимд Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хот руу зорчих 10 километр замд “Тоёота ланд крузер” маркийн автомашин осолдсон. Харамсалтай нь таван хүн нас барж, нэг хүүхэд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ноцтой осол гарлаа. Иргэд, жолооч нар замын хаасан хэсэгт зорчихдоо батлагдаагүй шороон замаар битгий зорчоорой гэдгийг хэлмээр байна. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир, аль замд осолдсон талаар цагдаагийн алба хаагчид тодруулж байгаа.
-Зорчигч ачсан хот хоорондын автобусууд ямар байдалтай байгаа вэ?
-Жижиг тэрэг болон, нийтийн тээврийн автобусыг буцааж, ачаа ачсан том оврын автомашиныг зам нээх хүртэл хүлээлтийн байдалтай байлгасан. Хаагаагүй зам байгаа ч гэсэн олон хоног үргэлжилсэн усархаг борооны улмаас доод хэсгээр суларсан байж болзошгүй. Тиймээс хурдаа зөв, тохируулж, онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг зөвлөе.
-Зарим автомашинууд тойруу замаар явж болоод байна гэдэг албан бус мэдээллийг өгч байгаа. Тэр нь ямар зам юм бол. Цагдаагийн байгууллагаас анхаарч байгаа юу?
-Лүн буюу Баянхангай чиглэлээс ирж байгаа замыг бүхэлд нь хаасан. Иргэд өөрсдөө хаалтнаас тойрч, зам руу орж буй зөрчил нилээн илэрч байгаа. Үүнд Тээврийн цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байгаа.
-Тээврийн цагдаагийн албанаас газар дээр нь ямар арга хэмжээ авч байгаа талаар сүүлийн мэдээлэл байна уу?
-Одоогийн байдлаар ямар ажил хийгдэж байгаа талаар нарийн мэдээлэл ирээгүй байна.