Монголчууд нэг л зүйлээрээ дэлхий дахинд бардам гайхуулж болно. Тэр бол оюун ухаан. Монгол хүний ген, сэтгэн бодох чадварыг дэлхий дахин хүлээн зөвшөөрчихсөн гэж бардам дуугарч болно. Учир нь дэлхий дахинд болж буй шатар, оюун ухааны спортын олон тэмцээнд зөвхөн монголчууд манлайлж байгаа нь хангалттай том жишээ болох биз ээ. Саяхан, Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан Японы Гадаад хэргийн сайд Т.Коно хүртэл монголчуудын сэтгэн бодох чадварын талаар олон ч удаа магтан ярьж байсныг түүний хэвлэлийн төлөөлөгч нь сэтгүүлчдэд ярина билээ. Монгол хүний ийм генийг эрдэмтэд ч хүлээн зөвшөөрсөн учраас гайхуулж, бас бардамнахдаа хэн нэгнээс ичих ёсгүй юм. Тэгвэл оюун ухааны гайхамшгийг харуулж яваа бяцхан гоц авьяастныг “Өдрийн хүн”-ээр нэрлэж байна. Хатанбаатарын Ивээл гэх дөрвөн настай бяцхан охиныг оюун ухааны спортоор хичээллэдэг, мөн энэ төрлийг сонирхдог монголчууд андахгүй.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу хоёрхон насандаа дэлхийн 120 орны төрийн далбааг ямар ч саадгүй, түгдэрч, гацахгүйгээр нэрлэж байсан бяцхан охины бичлэг соошл сүлжээнд тавигдаж, олон мянган хүнийг гайхшруулсан. Тэгвэл бяцхан гоц авьяастан энэхүү чадвараа улам бүр хөгжүүлж, дөрөвхөн настай атлаа дөрвөн оронтой тоог хооронд нь нэмж, хасч, үржүүлж, хуваах, мөн 100 гаруй хөзрийг нэг удаа хараад л эхнээс нь дэс дарааллан санах зэрэг хүний санаанд багтамгүй олон чадварыг эзэмшжээ. Охины аав бол Монголын оюун ухааны спортыг энэ өндөрлөгт гаргаж ирсэн, тус спортын холбооны Ерөнхийлөгч Х.Хатанбаатар. юм Тэрбээр, охиноо багаас нь оюуны спортоор хөгжүүлсэн бөгөөд чадварлаг аавынхаа генийг өвлөсөн охин тун удахгүй ОХУ-ыг зорихоор болжээ.
Тодруулбал, ирэх наймдугаар сарын 12-15-ны өдрүүдэд ОХУ-ын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэг охиныг урьж, оролцуулахаар болжээ. Өмнө нь Монголоос энэхүү нэвтрүүлэгт хоёр ихэр гоц авьяастан охид оролцож, 1200 сарнайн өнгийг таван минутад тогтоон, алдалгүй нэрлэж байсан билээ. Х.Ивээл охины амжилт энд хүрээд дуусахгүй. Ирэх аравдугаар сард мөн л АНУ-д томоохон шоунд уригдсан бөгөөд энэ оны сүүлээр Дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ эхлүүлжээ. Тэрбээр, энэ спортын төрөлд хамгийн бяцхан тамирчин хэмээн бүртгэгджээ. Охины эгч Х.Мишээл ч мөн энэ хүү спортоор хичээллэдэг аж. Оюун ухааны спортыг дэлхий дахинд сурталчилж яваа гайхамшигт гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй. Бяцхан тамирчныхаа дээлийн захыг нь мушгин сайхан мэдээ хүлээж сууя.