ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гороологч & горилогч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-18

УИХ-ын 2016 оны сонгуулиар “Ардчилсан намын Монголжингоо” гэсэн айхтар бялуурсан сурталчилгаа цацуулж, өрсөлдөгч А.Сүхбат аваргатай хамт авахуулсан зургаараа шар сайтын нүүрийг чимж явсан Т.Энхсайхан гэх бүсгүй улс төрд эргэн иржээ. Энэ удаа тэр нэр дэвшигчийн хувиар биш тэмцэгчийн дүрээр гарч ирэв. Түүнийг хэн гэдгийг, хаана нэр дэвшиж явсныг тийм ч олон хүн мэдэхгүй.

Ардчилсан намынх нь жирийн гишүүд ч танихгүй байх. Харин сонгууль дөхсөн энэ үед тойрог горилсон “Монголжингоо” маань Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалд оройлон оролцож байх юм. Квотын үнэтэй энэхүү жагсаал өчигдрөөс эхлэн “төгөлдөршиж”, Төрийн ордны гадна лам залж ном уншууллаа.

Тэнэглэлд хязгаар гэж байдаггүй гэдгийг энэ үйлдлээрээ харуулж байна. Төр, шашин хоёр нь бие биеэ хүндэтгэдэг тэр цаг ард хоцорчээ. Хэдхэн өдрийн өмнө Ц.Нямдорж сайдад телевиз бэлэглэхээр мөн л жагсаж байлаа, тэр. Т.Энхсайхан нь Төв аймагт нэр дэвшсэн ч Дархан аварга А.Сүхбатад ялагдсан байдаг юм. Улмаар, “Фүжи холдинг” компанийг удирдаж, бизнесээ хэсэг цэцэглүүлжээ. Ялагдлаасаа хойш хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч 2019 оноос хойш тэмцэгчийн дүртэй, шударга үнэний дуу хоолой болчихсон юмдаг.

Өнөөх бор торгон дээлтэй ялдамхан монголжингоо төрхөө хаана ч юм мартчихаж. Төрийн ордон, Хуульзүйн дотоод хэргийн яамны гадна өдөржин гороолж буй тойрог горилогчид одоогоор жагсахаас өөр хийх ажил алга даа. Алсдаа хаягдсан тойрог болоод буй УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогт нэр дэвших санаатай яваа бөгөөд энэ их сэтгэл, зүтгэлийг нь хариуг бариарай, АН-ын удирдлагууд аа. С.Эрдэнэ даргын ойрын хүн, фракцийн гол эмэгтэйчүүдийн нэг учраас арай ч тийм муухай зүйл болохгүй байх.

Гэвч, улс төрд одоо бодлого ярьдаг залуус үгүйлэгдэж байна, эгч ээ. Бид шударгын дүртэй тэмцэгчдээс дэндүү залхсан. Тийм хүмүүсийн хар гайгаар энэ улс дампуурч, тэдгээр хүнийг төрд суулгасны үйл лайгаар та хүртэл жагсаж яваа юм шүү дээ. Тиймээс жагсаал зохион байгуулж, микрофон барьж Төрийн ордон гороолохоор улс төрд ордог хэмээн андуураад байгаа юм биш биз. Ингэж бодож яваа бол эндүүрлээ хаяж, эртхэн тойргоо усалж, хүнд танигдах өөр арга хайсан нь дээр байх шүү.