ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хөнжлийн хуульч”

А.ОДСҮРЭН
2019-06-19

Ийм нэр зүүж, хоч өгмөөр явдал өчигдөр болов. Өмнөх парламентын гайгүй сайн эмэгтэй гишүүдийн нэг С.Одонтуяа маань юу зүүдэлж сэрээд, ямар юм ярьчихав аа. Ойлгох гээд хэрэндээ зүдэрлээ. Ёстой ойлгосонгүй. Араар тавилтыг, гэр бүлээс гадуурхи эр эмийн харилцааг хуулиар зохицуулдаг болох тухай хэвлэлийн бага хурал хийж зарладаг нь яаж байгаа юм бол. Хууль гаргаад болж бүтэхгүй бүхэн алга болж, цэвэршиж нийгэмшдэг бол энэ улсад архичин, янхан, авилгач, хулгайч дээрэмчин үгүй болох байсан биз. Эр, эмийн ор хөнжлийн явдлыг хуулиар зохицуулж, хязгаарлана гэдэг эрүүл хүний сэтгүүр лав биш ээ.

Нэг л биш юм яриад байгаа хүнийг буруу хөл дээрээ босчихсон юм уу, орноосоо уначихсан юм уу гэж шоглодог. Яг тэгж бодогдоод байх юм. Ардчилсан намд төдийгүй энэ улс, энэ төрд хэрэгтэй зайран байж магадгүй гэж бодож явсан маань эндүүрэл болох юм гэж хэн саналаа. Ийм тэнэг юм ярина гэж хэн мэдлээ. Хайран нэр хүнд. Цахим орчинд хүмүүс энэ тухай янз бүрээр санал бодлоо илэрхийлж байгаагийн олонхи нь “шал тэнэг” гэцгээв. Би ч тэдэнтэй санал нэг байна. Нэгэн үеийн парламентч эмэгтэй Тамхины эсрэг хууль санаачилсан нь одоо ч хэрэгжээд явж байна. Харин түүн шиг хууль санаачилж, иргэдэд хэрэгтэй зүйл хийж яваа бол хэн л түүнийг муулаа аж.

Хоёр эхнэртэй болох хуулийн сураг ашгүй алдарч байтал гэр бүл үймүүлэгчидтэй тэмцэх тухай яриа гаргаж сэвдэг нь яаж байгаа юм бол. Гэр бүлийн асуудал, эр, эмийн явдал тэгж их санааг нь зовоогоо юу, өөрт нь ямар нэг юм тохиолдоо юу гэж санаа зовов. Хэвлэлийн бага хурал хийж байгаа зургийг нь хуучин ангийнх нь сайд асан  “скриншот” хийж байгаад “намынхаа хурлаар хэлэлцүүлж, намаас нь хөөх хүртэл арга хэмжээ аваач” гэж фэйсбүүк хуудастаа бичсэн байв. Одноо найзыгаа хөөгөөч гэж байгаа юм уу, найзад нь “асуудал үүсгэсэн” хэн нэгнийг хөөж явуулаач гэсэн үү. Но-той нь ч но-той л доо. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг шиг юм болчихов уу, яав. Гайгүй байгаа.