Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилов. Учир нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулж, уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн хэрэг. Тиймдээ ч хэд хэдэн хүнийг энэ албан тушаалд томилох талаар яригдаж байсны эцэст Б.Ганбат дундаас нь “торойлоо”. Тэрбээр өмнө нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч байлаа. Олонд нэг их танигдаагүй хүн.
Намтрыг нь харвал, хуульч мэргэжилтэй аж. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын даргаар ажиллаж байжээ. 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажилласан түүхтэй нэгэн аж.
Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар түүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүн гэж онцолжээ. Хуулийн сайд зүтгүүлсээр, мань хүн чирэгдсээр байгаад энэ албанд очиж байгаа бололтой юм. Уг нь хамгийн чадвартай хүн өндөр албан тушаалд очих ёстой. Гэвч манайд хэн нэгэн өндөр албан тушаалтан хүнээ зүтгүүлдэг гаж тогтолцоо амь бөхтэй оршсоор байгаа юм. Түүний материалуудыг холбогдох газрууд нь шалгаж үзээд, “асуудалгүй” гэж үзвэл өнөөдөр ч жинхэлж магадгүй. “Ц.Нямдоржийн чиргүүл” гэгдэх нь ч дүүрчээ. Цаашид зүтгүүлсэн хүндээ үйлчлэх биш Монгол Улсын төлөө зүтгээрэй, та.