ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН зөвлөл: Бид Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийжээ. Хуралдаанд МАХН-ын гишүүн О.Баасанхүү оролцож, Үндсэн хуулийн асуудлаар АН-ын бүлэгтэй байр сууриа нэгтгэж оролцохоор болсон байна. Зөвлөлийн хурлын мэдээллийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, зөвлөлийн ажлын хэсгийн дарга Д.Золжаргал нар өглөө. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлж буйтай холбогдуулан энэ асуудлаар байр сууриа нэгтгэх талаар хуралджээ.

Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт гишүүд орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзаад ирсэн. Ардчилсан намын зөвлөлийн зүгээс Үндсэн хуулийн анхдугаар хэлэлцүүлгийг хийхэд оролцоогүй. Хоёрдугаар хэлэлцүүлэгт орох эсэх талаар иргэдийн саналыг сонсох ёстой гэж үзээд орон нутагт ажиллаад ирлээ. Хэд, хэдэн онцлог зүйл ажиглагдаж байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар эрх баригчид нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Гэвч орон нутгийн иргэдэд энэ талаар мэдээлэл маш хомс байна. Үндсэн хуулийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох зарын дагуу иргэд маш идэвхгүй байгаа нь ажиглагдлаа.

Энэ бол мэдээлэлгүйгээс болсон асуудал гэж дүгнэлээ. Ямар өөрчлөлт оруулж байгаа талаар ойлголтгүйгээс асуулт асуухгүй, санал ч хэлсэнгүй. Мөн хулгай луйварт холбогдсон, хууль бус зүйл хийсэн эрх баригчдаар энэ Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй гэж хэллээ. Огт мэдээлэлгүй атлаа яаж санал асуулгад оролцож, саналаа өгөх вэ гэдгийг маш их асууж байна. Мэдээлэлгүй иргэдээр санал өгүүлнэ гэдэг бол хүчээр өөрчлөлт оруулна аа л гэсэн үг. Эцэг хуульд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй юм” гэлээ. Тиймээс АН-ын зөвлөл хэд, хэдэн тодорхой санал гаргахаар болжээ. Тухайлбал, УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааныг хойшлуулах. Үүнээс өмнө иргэдэд мэдээлэл олгохын тулд сум, баг хороо бүрээр хэлэлцүүлэг хийх ёстой гэж үзсэн байна. Аравдугаар сард болох ард нийтийн санал асуулгад ач холбогдлоо өгөх ёстой гэж үзжээ. Тиймээс ард иргэдийн санал дээр тулгуурлаж, АН-ын зөвлөл хоёрдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэж шийдсэн аж. Иргэдийн зүгээс “дордохын долоон” өөрчлөлтийг эхлээд засах ёстой гэсэн санал ч мөн гаргажээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэлэлцүүлэгт яваад очсон, иргэдтэй уулзчихаад саналыг нь огт тусгаагүй. Иргэд 100 хувь давхар дээлийг тайлах ёстой гэж үзсэн. Гэвч сурталчилгаанд зориулсан байдлаар л санал аваад иргэдийн саналыг тусгаагүй. Дөрвөн хүн давхар дээлтэй байна гэж оруулж иржээ. Хүчингийн хэрэгт холбогдсон, ЖДҮ-чин ёсзүйгүйн дээд туйлдаа хүрчихсэн энэ хүмүүс үнэмлэхүй олонхиор хүч түрэн батлах бололтой. Хоёрдугаар хэлэлцүүлгийг ч хүчээр хийх бололтой. Ингэхээр энэ бол сөрөг хүчний ямар ч зөвшилцөл байхгүй Ардын намын Үндсэн хууль болж хувирна. Нийт иргэдийн 70-80 хувийн санал огт тусгагдаагүй. Санал авснаа ч оруулаагүй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнөөдөр бол долдугаар сарын 01-ны өдөр. 2008 оны дараах тэр өдрийг хэн ч мартах ёсгүй. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас болж олон мянган залуус яг нэг зүйл ангиар хорих ял эдэлсэн. Мөн таван сайхан залуугийн амийг авч одсон аймшигт өдөр. Тиймээс МАН өнөөдөр уучлалт гуйх ёстой” гэсэн юм. УИХ-ын дарга та бүхэнтэй зөвшилцөөгүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Анхдугаар хэлэлцүүлэг болохоос өмнө бидэнтэй уулзсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө уулзаагүй. Уулзах ч шаардлага байхгүй байх. Бидний байр суурь тодорхой байгаа. Үнэмлэхүй олонхиор батлах боломж эрх баригчдад байгаа. Бид олонхи, цөөнх гэдгээр асуудлыг хараагүй. Гагцхүү иргэний эрхийг дээд зэргээр хангаж, бүх талтай ойлголцож, зөвшилцөж хийх ёстой шүү гэдгийг хэлээд байгаа. Эрх баригчид ойлгож байгаа байлгүй дээ” гэсэн хариулт өглөө.