ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их Эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхинд хэрэглэхгүй

O.Admin
4 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Их Эзэн Чингис хааны мэндэлсний 820 жилийн ойг тохиолдуулж авах арга хэмжээний тухай Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрөөс Их Эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхинд хэрэглэхгүй байх зарчмын санал гарч, Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр хэлэхдээ “Хүндэтгэлийн чуулган хийхийг дэмжиж байгаа. Мэдээж бид “Монгол бахархлын өдөр”-өөрөө хүндэтгэлийн чуулган хийхээс гадна тодорхой асуудлуудыг шийдэх гэж байгаад баярлаж байна. Бид бол Их Эзэн Чингис хаанаа хүндэтгэх учиртай. Хүндэтгэл үзүүлнэ ээ гээд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаад эш хөргийг нь бид өрөөндөө залж байгаа. Хүмүүс гэрийнхээ хойморт эш хөргийг нь залчихсан. Харамсалтай нь бидэнд нэг алдаа байна. Үнэнээсээ хүндэтгэж байна уу гэдэг асуудал. Жинхэнэ хүндэлж чадахгүй, хаях юмаа хаяж чадахгүй авах юмаа авч чаддаггүй.

Энэ тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. Эзэн хааныхаа эш хөргийг архин дээрээс авъя. Тогтоолын тавдугаар заалтад Эзэн хааныхаа эш хөргийг архи, тамхинд хэрэглэхгүй байя гэдэг санал гаргаж байна. Яг үнэндээ архи гэдэг хамгийн муухай зүйл дээр хоймортоо залсан Их хааныхаа хөргийг залчихдаг. Тэгээд уугаад дуусахаараа хог руу хаядаг. Ингэхээр нөгөө монгол хүний мөн чанар, юу шүтдэг вэ гэдэг нь тодорхойгүй болчихдог. Гадна, дотныхонтой уулзахаар энэ архийг уусны дараа шилийг нь яах вэ гэж асуудаг. Нэр ашиглах талаар санал гаргахгүй байна. Хүндэлдэг зүйлээ хүндэлсэн шиг хүндэлмээр байна” хэмээлээ.

Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт “Зураг ашиглахгүй байж болох байх. Нэр ашиглаж байгаа бараа бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авч, сан бүрдүүлэх гэж байгаа. Тэгэхээр нэр ашиглаж чадахаа больчихвол Их Монгол Улсаа сурталчлах, үйл ажиллагааг түгээх боломжгүй болно” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ тогтоолын төсөл Их Хааны 820 жилийн ойн хүрээнд УИХ хүндэтгэл үзүүлж, ээлжит бус чуулган зарлах тухай байх. Лу.Гантөмөр гишүүний саналын зөв, бурууг одоо ярихгүй. Тооцоо судалгаа байна уу. Ямар хэмжээний оюуны өмчтэй, зохиогчийн эрхтэй бизнест эерэг болон сөрөг нөлөөлөх вэ гэдэг хуульзүйн болон эдийн засгийн тооцоог харж байж кнопдмоор байх юм. Хэрэв ийм саналууд гарвал манай гишүүд санал гаргах байх. Чингис хаан нэрийг төрсөн хүүхдэд өгөх юм уу. Тэмүүжин гэдэг нэрийг хүүхдүүдэд өгөхөө болих уу. Эсвэл одоо тийм нэртэй хүмүүсийн нэрийг өөрчилье гэвэл яах уу. Чингис хаан нэртэй нэг нөхөр согтуураад, мансуураад эрүүлжүүлэхэд ороод байгааг харах хэцүү юм. Хааны нэр сэвтээд байна. Нэрийг нь хурааж авмаар байна шүү дээ. Энийг тусдаа гаргавал яасан юм бэ. Хүндэтгэлийн чуулган зарлаж байгаа тогтоолд ийм санал гаргаад шууд кнопдох ёстой юу гэдэгт эргэлзэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Баярбаатар хариу тайлбар хэлэхдээ “Энэ зөвхөн хүндэтгэлийн чуулгантай холбоотой асуудал биш. 820 жилийн ойг тохиолдуулж авах арга хэмжээний тухай асуудлыг ярьж байгаа. Их хурлын дарга бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргаад хүндэтгэлийн чуулганаа хийчихнэ. Өнөөдрийн тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсний дараа Засгийн газар үүнтэй холбоотой журам, тогтоол боловсруулан УИХ-д оруулж ирж батлуулна. Байнгын хороо Лу.Гантөмөр гишүүний саналыг дэмжих нь зөв байх. Бид Чингис хааныхаа нэр, хөргийг архи, тамхинд байршуулах нь буруу. Сүүлдээ Их хаан маань хар, шар нэртэй болж, шил нь хагараад хог дээр хэвтэж байдаг нөхцөл байдал олны нүдэнд ил байгаа. Байнгын хороо тогтоол боловсруулж, Их хурлын нэгдсэн чуулганд оруулж байгаа учраас гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргах эрхтэй. Санал хураалт явуулъя” хэмээгээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь буюу 70.6 хувиар санал дэмжигдлээ.