УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслөөр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан нь өчигдөр дуусгавар болсон юм.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсөлд Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлахаар тусгасан. Тус бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Үүний хэрэгжилтийн талаар Эдийн засгийн байнгын хороо мэдээлэл сонсох нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Мөн тус бүлгээс Төрийн банк, АЗЗА, МИАТ, Хөдөө аж ахуйн биржийн хувьчлал гэх мэт байгууллагуудын үнэлгээний асуудалтай холбогдуулан тодорхой саналуудыг танилцуулав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлнэ. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа.
Олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчилнэ. Хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах юм.
Хувийн хэвшилд суурилсан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төрийн оролцоог бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална. Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг Хөрөнгийн биржээр болон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлана” гэх тайлбарыг өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд нухацтай хандах ёстой. Учир нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын төр хувьчлалаар юунд хүрсэн бэ гэдэгт нэг удаа дүгнэлт хийх цаг нь болсон.
Төрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг, сонгуулийн санхүүжилтээ босгодог л газрууд болсон. Хувьчлалыг ярих нь зөв ч нийтэд нь нэг зарчмаар хувьчлах нь буруу. Энэ асуудлаар ажлын хэсэг нухацтай ярилцах ёстой” хэмээн хэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Дэлхийн зарим улс орнууд стратегийн компаниудаа иргэдийн оролцоотой, нээлттэй хувьцаа гаргаж, хувьчилдаг. Энэ нь дундаж давхаргыг бий болгох, иргэдийг ажлын байраар хангах гээд олон ач холбогдолтой.
Бид хувьчлал ярихдаа дэлхийн жишгийн дагуу асуудлыг оруулж ирж, өргөн хүрээнд бодож, харах цаг болсон. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зөв. Ажлын хэсгийн хүрээнд нэг компанийг хувьчлахад цаашдын үр дүн, гарах үр дагаврыг зөв тооцоолж, хувьчлалыг ярих ёстой” гэв. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэвч хэд, хэдэн санал байна.
Тухайлбал, оруулж ирж байгаа бүх компанийг нэг зарчмаар хувьчлах ёстой. Ерөнхий зарчмаар оруулж ирж байгаа нь буруу” хэмээлээ хэллээ. УИХ-ын гишүүд үг хэлсний дараа ажлын Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болов.