Монгол хүний саруул ухаанд итгэж яваад монгол хүний гарт амиа алдсан Санжаасүрэнгийн Зоригийг дурсах өдөр өнөөдөр. Харамсмаар, гашуудмаар өдөр. Ардчилалд хайртай хүн бүхний дурсах өдөр. Сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжин их хотын амьдралд хөл тавьсан 1989 оны намар Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн эхэлж, цагаан морин жилийн хувьсгал гарсан жил. Сүхбаатарын талбайд залуус өлсгөлөн зарлаж, цагаан хоолойгоор ард иргэдээ хүний эрх, эрх чөлөө, шинэ нийгэмд уриалан дуудаж буй залуусын тэмцэлд оройлохгүй ч гэсэн ойроос харж, сонирхож, бас айж явсан үе. Санжаасүрэнгийн Зориг тэр хувьсгалын удирдагч байж, хожмоо Монголын нэр хүнд бүхий залуухан улстөрч, УБХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болсныг нь мэдэх юм.
Харин эхлүүлсэн хувьсгалынхаа, ардчиллынхаа арван жилийн ойтойгоо золгож амжилгүй дэндүү эрт, дэндүү залуугаараа бусдын гарт амиа алдсан. Түүний амь насыг бүрэлгэсэн, адгийн муугаар тарчлааж хөнөөсөн хэргийг улстөрчид 21 жил өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, олз болгож ирсэн гутамшгийг бид мэднэ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох 15 мянган хуудас материал байдаг гэх бөгөөд 74 хуудас нь захиалагчтай нь холбогддог тухай мэдээлэл байдаг ч алуурчин нь, захиалагч нь тодорсонгүй. Сенсаци тарьсан шоунаас хэтэрсэнгүй. Одоо бидэнд түүнийг дурсах, эргэн санахаас өөр хийж чадах зүйл байхгүй л болов уу. Итгэл алдарч байна.
Залуу сэтгүүлчдийн хувьд, залуухан улстөрчдийн хувьд С.Зориг гэж хэн бэ гэдгийг мэдэх хүн ховор. Түүний үйл хэрэг, үг яриа, үзэл бодол нь юу байсныг гадарлах ч үгүй. Тэрээр одоогоос 30-аад жилийн өмнө телевизэд өгч байсан хоёр удаагийн богинохон ярилцлага ямархан бодолтой байсныг нь харуулдаг. С.Зориг “Өнөөдрийн зах зээлийн нийгмийн шилжилтийн үе, улс орны одоогийн байдалд санаа их зовж байна. Ирээдүйд Монгол Улс маань ямар байх бол гэдэгт санаа зовж байна. Энэ Засгийн газар нэг юм ярьж, өөр юм хийж байгаад санаа зовж байна.
Зах зээлд зоримог шилжилт хиймээр байна. Хүндрэл гарна. Ард түмэнд үнэнээ л хэлэх хэрэгтэй. Цалин мөнгөө нэг хэсэгтээ тавьж чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Худлаа амлалт хэрэггүй. Одоогийн Засгийн газрын зарим гишүүн зах зээлийн эдийн засаг гэдгийг мэдэхгүй байна. Гар нийлсэн баг байхгүй бол эдийн засгийн нэгдсэн бодлого гарахгүй. Улстөрчид хэтэрхий уужуу тайван байна. Эдийн засаг тийм байж болохгүй. Өөр нэг улсын, өөр нэг үзэл суртлыг нэвтрүүлэх гээд байвал олон намын тэмцэл аюултай” хэмээн ярьсан байдаг. Тэр Монголынхоо ирээдүйд ийн санаа зовниж байж.
Монголчууд Санжаасүрэнгийн Зоригтой “танилцаад” 30 жил болсон ч түүнгүй 21 жилийг үдлээ. Үдлээд буцсан 36-хан жилийн 10-аад жилийг Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө, зах зээлийн нийгмийн төлөө зориулсан байдаг юм. Тэмцэж эхэлсэн тэр жилээ “Нэхэл хатуутай хүнтэй уулзахад, холбоо техник хөгжөөгүй байгаа нь, бас явдал дунд замд маш их цаг алдаж байна” гэсэн нь бий. Цагаасаа эрт буцахаа мэдээд яарч байсан юм болов уу даа, тэр. Коммунизмыг монголчууддаа номлохоор Москваг зорьж байсан залуу ардчилагч болоод эргээд ирж. 1983 онд 23 настай байхдаа Чехэд сурч байсан дүү Оюундаа бичсэн нэг захидалд “Би нэг юманд санаа зовж байна.
Яаж Монголыг Япон шиг эдийн засагтай орон болгох вэ” гэж бичиж байж. Хичээл тасалсан ахыг нь сургуулиас хөөхийг хэлэлцэх хурал дээр “Та нар хүний эрх зөрчиж байна” гэж хэлж чадсан хүн нь С.Зориг байж. 1980-аад оны эхэн үед “хүний эрх” гэж юу байдгийг мэдэж байсан байх нь. “Ардчилсан хувьсгалыг удирдаж, нийгмийн шинэчлэлийг зоригтой эхлүүлж, өмч хувьчлалыг хийж чадсан. С.Зоригийн хувьд цахилгаан станцуудыг хувьчлахыг эрс эсэргүүцэж, улсад авч үлдсэн нь маш зөв шийдвэр байсан. Аллагынх нь талаархи олон таамгийн нэг нь ч үүнтэй холбоотой” хэмээн түүний ах, С.Оюуны нөхөр дурссан байдаг билээ. Ардчиллыг хамт авчралцсан нөхөд нь хожмоо ямар ноход болцгоосныг монголчууд мэднэ ээ. Хувьсгалыг суутнууд хийж, хувийг нь хулгайч нар хүртдэг гэдэг. Тийм л юм болсон, болж ч байгаа билээ.