ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тоннд хүргэнэ

O.Admin
7 цагийн өмнө

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы  өнөөдрийн /2026.05.08/ ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг танилцуулав.

Тэрбээр, танилцуулгадаа “Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь савлаж, инфляц гаарлаа. Тээвэр, худалдаа, логистикийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Дэлхийн Монгол Улсад ч дэлхийн хямралын сүүдэр туслаа. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. 2026 оны 3 дугаар сард инфляц 7.4 хувьд хүрч, үхэр, хонь, адуу, ямааны махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна.

Гадаад ертөнцийг бид өөрчлөхгүй боловч өөрсдөөсөө дотоодоосоо хамаарах бүхнийг хийхийг дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Сүх далайтал үхэр амар гэгчээр олсоныхоо хэрээр үрсэн, төр, төсвөө данхайлган томруулсан, санхүүгийн сахилга батыг сахиулан мөрдөөгүй, түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөөгүйнхээ үр дагаврыг амсаж байна.  Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төсвөө данхайлгасны горыг амсаж байна.

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн хэдий ч, хөдөө аж ахуй болон Оюутолгойн баяжмалаас бусад салбаруудын өсөлт ердөө 3.6 хувь буюу эдийн засгийн  бодит хүчин чадлаасаа доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 3.2 хувиар буурлаа.  Бидний оруулж ирж буй төсвийн хүрээ бол сахилга баттай. Хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг 2 хувийн ашигтай байхаар төлөвлөлөө. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулна. Манай улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн 7 ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон. Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. 15 мянган хүний хийх шинэ ажил, авах цалин, шууд ажлын байр, 63 мянган шууд бус ажлын байр бий болгоно. 5 дугаар сарын 6-ны байдлаар экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 63 хувиар өссөн сайн мэдээ байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрсэн. Нүүрсний экспортоо 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Экспортын гарц, орлогын орц болсон хилийн боомтуудаа тасралтгүй, найдвартай ажиллуулна. 

Өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, эдийн засгаа хамгаална. Иргэндээ, хувийн хэвшилдээ, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд итгэж, итгэлцэл дээр эдийн засгаа идэвхжүүлэн, цусны эргэлтийг эрчимжүүлэх нь Засгийн газрын үндсэн жанжин шугам байх болно. Бид орлого, зарлагаас илүү итгэлцлийг төлөвлөж байна. Эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрж зогсоё.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь жагсаасан тоо, бичсэн зорилтуудын цуглуулга биш. Төр ямар хэмжээнд байх вэ, хувийн хэвшилдээ ямар орон зай чөлөөлж нээх вэ гэдэг асуултын хариулт юм.  Ямар хамаарлыг яаж багасгах, юунаас, яагаад чөлөөлөх вэ гэдэг хөгжлийн стратегийн баримт бичиг. Та бид эдийн засгаа зөвхөн өсгөх тухай бус иргэндээ, хувийн хэвшилдээ ямар орон зай үлдээж чөлөөлөх вэ гэдгийг хэлэлцэнэ" хэмээлээ.