УИХ-ын 2016 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулж байв. Дан ганц Чингэлтэй дүүрэг төдийгүй улс орон даяар ялалт байгуулсан нь сонгуулийн амлалттай шууд холбоотой. МАН-ын зүгээс “Шинэ залуу үеэ дэмжинэ, арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана, аймаг бүрт үйлдвэр барина, шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ, баян, ядуугийн ялгааг арилгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ” гэсэн том амлалтуудын ачаар олонхийг бүрдүүлж чадсан нь нууц биш. МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр Чингэлтэй дүүрэгт ч гэсэн хүчтэй нөлөөлсөн бөгөөд түүний гавьяагаар 2016 оны парламентад Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар ялалт байгуулсан. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй туршлагатай улстөрч.
Тэрбээр улс төрд үргэлж өгсөх дараалалтай явж, үеийн үед албан тушаалын үзүүрээс атгадаг ч гэлээ нам дотроо эзлэх байр суурь, дэмжлэгээр тааруухан. Түүхийн багш мэргэжлээс хальж, сэтгүүл зүйн салбарт хүчин зүтгэсэн он жилүүд нь албан тушаалын хаялагатай байхад нь үргэлж нөлөөлж ирсэн юм.
Түүний хувьд “Нью анверса” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл хүртсэн гэх асуудал сөхөгдсөн ч нам дарж, өөрөө үгүйсгээд өнгөрсөн удаатай. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин энэ жилийн сонгуулийг өнжих нь гэсэн яриа гараад байна. Түүний оронд “Хера Холдинг” компанийн захирал Хассуурийн Ганхуягийг дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарав.
Гэвч эцсийн шийдвэр гараагүй. Парламент гэхээс илүү сайдын суудал намаасаа “бэлгэнд” авч, тойргоо залуучуудад өгөх сонирхолтой ахмад улстөрчдийн нэг нь тэр болж магадгүй билээ. Тэгвэл Х.Ганхуяг 2016 оны УИХ-д бие дааж Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Мэдлэг, боловсрол өндөртэй шинэ үеийн төлөөлөл хэдий ч улс төрд бол туршлагагүй.
Үүнийгээ батлах гэсэн шиг 2016 онд “Би Ардчилсан намын даргыг амлаж өрсөлдөнө” хэмээн “поп” үйлдэл гаргасан ч, ялагдсан түүхтэй. Ялагдлын цохилтод орсон Х.Ганхуяг хэсэг нам гүм амьдарч байгаад 2017 онд МАН-д элсэж, үнэмлэхээ гардсан билээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүдийн тоонд зүй ёсоор багтсан ч сэтгэлийн хөөрөл, залуу улстөрчийн амбийцаа дарахгүй бол ялах эсэх мөн л эргэлзээтэй. Тэгвэл, МАН-аас нэр дэвших дараагийн хүн болох Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Шадар туслах асан Т.Аюурсайханы хувьд нэр хүндээ тойрогтоо алджээ. Шударга, эрс шийдэмгий төрхөөр улс төрийн имижээ бүрдүүлсэн ч МАН-ыг хоёр хуваахад онцгой үүрэг оролцоотой байсан нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн М.Энхболд болон түүний фракцийг намаасаа шахах бодлогыг сайтар хэрэгжүүлж, Чингэлтэй дүүргээ бужигнуулж эхэлсэн нь сонгогчдод таалагдаагүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргад өөрийн хүнээ зүтгүүлж, ноёрхлоо тогтоох бодлого барьж байгаа ч гишүүд болон дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч, арга нь мухардсан удаатай.
Түүний хувьд дахин өрсөлдөнө гэж байгаа ч унасан нэр хүндээ сэргээж, намынхаа эв нэгдэлд анхаарахгүй бол ялалт байгуулах магадлал тун бага. Харин М.Оюунчимэгийн хувьд дөрөв дэх засаглалын төлөөлөл гэдэг утгаар сонгогч иргэдтэйгээ байнга эргэх холбоотой байлаа. Түүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо багагүй ажил хийсэн учир сонгогчдын дэмжлэг, итгэл буураагүй хэвээр байгааг сонгуулийн өмнөх судалгаа харуулж буй.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганболдын хувьд М.Энхболдын фракцийнх гэдгээрээ намдаа шахагдаж эхэлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүрэгт олон жил засагласан бөгөөд энэ хэрээрээ өөрийн хүрээллийг бий болгосон ч эцэстээ намаасаа хөөгдөж хэн ч биш болов. Ирэх сонгуулиар МАН-ынхан ялалт байгуулах эсэх нь эв нэгдлээс шууд хамаарна. Учир нь нэгэнт эрчээ авсан нам доторх талцал хуваагдлаа дарж чадахгүй бол Баянзүрхэд хэдэн хэсэг хуваагдсан АН-ын гашуун түүхийг давтах билээ.
Гишүүн асан Г.Баярсайхан дүүргийн АН-ыг удирдана
Чингэлтэй дүүрэгт АН 2016 оны сонгуулиар цэвэр ялагдал хүлээсэн. Хэдийгээр туршлагатай улстөрчдийг сонгуульд сойсон ч МАН-ын пиарыг давж чадаагүй юм. Харин энэ удаагийн сонгуульд алдаагаа давтахгүйн тулд нэр дэвшилт болон хүмүүст тавих шаардлагаа өндөржүүлжээ. Тухайлбал, урьдчилсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханаар толгойлуулсан багийг бэлтгэж байгаа гэх. Г.Баярсайхан нь УИХ-д хоёр удаа сонгогдсон бөгөөд туршлагатай улстөрчийн тоонд зүй ёсоор орно. Өмнө нь Чингэлтэй дүүргээс хоёр удаа нэр дэвшиж, ялалт байгуулсан удаатай.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа элдэв асуудалд нэр холбогдож байгаагүй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Тавантолгой” зэрэг улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудалд “төр өмчөө зуун хувь мэдэлдээ авах ёстой” гэсэн байр суурийг баримталж байсныг нь өнөө хэр чингэлтэйчүүд мартаагүй. Цаашид улс төрд бүрдүүлсэн имижээ алдахгүй, амлалтаасаа буцахгүй бол Г.Баярсайханд ялах магадлал бий.
Харин түүний багт НИТХ-ийн төлөөлөгч Ц.Баатархүү, “Нэт капитал”-ын захирал Д.Сүндий зэрэг залуус багтсан гэх урьчилсан таамаг байна. Ц.Баатархүү нь НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд улс төрд бэлтгэгдсэн залуу үеийн төлөөлөл. Түүнийг олон нийт “Монголын лектор төв”-ийн захирал гэдгээр нь илүү мэднэ. Гэхдээ олон танил болсон хүн бүр сонгуульд ялна гэсэн үг биш.
Гол нь намын эв нэгдэл, мөрийн хөтөлбөр, дэвшигчдийн давуу тал ихээхэн хамааралтай. Д.Сүндийгийн хувьд эхлүүлсэн бизнес нь өнөө хэр ашигтай, амжилттай яваа. Өнгөрсөн дөрвөн жилд тойргоо ч хангалттай “усалсан”. Улс төрийн хүрээлэл гэхээс илүүтэй бизнесийн салбарынханд илүүтэй танигджээ. Түүнээс гадна “Сүндий” брэндийн цүнх үйлдвэрлэж, гэр бүлээрээ АН-д шургалсан зэрэг шүүмжлэлийг олон нийтээс хүртэж байсан удаатай.
Бизнесийн салбарт тэргүүлэгч ч гэлээ улс төрд бол туршлагагүй. Тиймээс шууд нэр дэвшээд ялалт байгуулна гэсэн ойлголт байхгүй учраас АН-ынхан өмнөх алдаагаа давтахгүйн тулд илүү их хичээх хэрэг гарч байна. Мөн эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Уянга АН-аас нэр дэвшинэ гэх мэдээлэл гарсан ч 60 сая төгрөгийн дэнчингээ өгч чадаагүй учраас мандат өвөртөлж чадаагүй юм. Тиймээс АН-ынхан 60 сая төгрөгийн татвараа намдаа төлсөн эмэгтэй нэр дэвшигчийг ч нэр дэвшүүлж магадгүй. Гэвч тэр нь хэн байх талаар урьдчилсан мэдээлэл алга байна.