ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар “Чингис лэнд деволепмент” компанид зургаан сарын хугацаа өглөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим асуудлыг шийдсэн билээ. Тэр дундаа Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.

Дээрх чиглэлийн концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгаж байгаа юм.

Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг  гэрээнд нэмж тусгахаар болсон байна.

“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.