ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ямаа төвтэй төрийн бодлого улам бүр төгөлдөршив

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-05

Ямаа төвтэй төрийн бодлогын хэрэгжилт өнөөдрийг хүртэл хуучирсангүй, улам бүр төгөлдөршиж байна. Арга барил, шалтаг, шалтгаан нь шинэчлэгдэж, илүү нарийвчилсан бодлогоор дахин хэрэгжихээр эргэн ирлээ. Энэ бүхний цаана малчин иргэдийн амь амжиргаанд анхаарах бус гагцхүү улс төрийн сонгуультай зэрэгцэн уралддаг нэг төрлийн цикл юм.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2008 онд тухайн үеийн парламент ямаанд онцгойлон анхаарч, ноолуурт нөхөн олговор олгож байсан түүхтэй. 2007 оны мал тооллогын дүнг үндэслэн малчин иргэдэд кг ноолуур тутамд 5000 төгрөгөөр бодож, нарийвчилсан дүнгээр нийт 18 сая 400 мянга буюу ямаанд 24.7 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас гаргаж байжээ. Нийгэмдээ, хүндээ зарцуулж чадаагүй төрийн хайр халамжийг ямаанд үзүүлж байлаа. Тэгэхэд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, зам талбай хангалтгүй, ажлын байр хомс, хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага байсан. Одоотой харьцуулах аргагүй хүнд цаг үе. Тэр цагт ч хүнээсээ илүү ямааг “өргөмжилж”, төрийн толгойдоо залж,  24.7 тэрбум төгрөгөөр эрхлүүлж байсан удаатай.  

Төрийн түшээд ямааг өргөмжилж, хатан сэнтийд залахаа урьтал болгож байснаас хор уршгийг тооцоогүй. Ямаанд  чиглэсэн төрийн хазгай бодлогын уршгаар малын цөм сүргийн бүтцэд өөрчлөлт орж, бэлчээр их хэмжээгээр талхлагдан малчдын дунд газраа булаалдах  “чимээгүй  дайн” тэр үеэс эхэлж байлаа. Үүний дараа буюу 2010 онд Д.Балдан-Очир тэргүүтэй гишүүд  “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын хөлийн татвар зэргийг хөнгөлөхөөс гадна хөдөөгийн хөдөлмөрчдийн хөдөлмөрийн шимийг нэмэгдүүлнэ зэргээр төлөвлөсөн ч мөн л ганцхан сонгуулийн настай байж. Гэтэл 12 жилийн дараа ямаа төвтэй төрийн бодлогыг дахин эхлүүлж, малчдын тушаасан кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийг УИХ-ын гишүүд санаачлав.

Энэхүү төслийг  Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Б.Элдэв-Очир нар санаачилж, Засгийн газрын дэмжлэгийг хүртчихэв. Тэд, ямааны ноолууранд зарцуулахаар тооцсон 300 тэрбум төгрөгийг чамлаж, урамшуулал нэрийдлээр дахин 200 тэрбум төгрөгийг улсаас гаргуулахаар улайрч байгаагийн цаад шалтгаан ердөө улс төрийн сонгуулиар малчдын саналыг авах гэсэн ядмагхан арга. Тэд 27124 мянган ямааны төлөө санаа нь зовж, төсөл хөтөлбөр болж гүйсэнгүй. Харин 200 мянган малчин 800 өрхийн төлөө онцгой цаг үед улс төрийн сонгуулиар далимдуулж, шоу хийлээ. Эрх мэдэлд тэмүүлж байгаа эрх баригч намын улайрсан үйлдэл нийгэмд ил болов. Хүүхдээсээ 20 мянган төгрөг харамладаг төр ямаанд хайр зарлах шалтгаан нь тодорхой. Мэдээж ямаа улстөрчдийг дэмжиж, санал өгөхгүй нь ойлгомжтой. Малчдыг тойглох нь ч зөв. Гэхдээ жилд ганцхан удаа ашиг шимээ өгдөг ямаагаар далимдуулж, ямбалсан, ялархсан төрийн бодлого хэрэггүй. Нөгөөтээгүүр, эрх баригч нам сонгуульд ялалт байгуулахын тулд ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны  хар толгойг хамгаалж, орон нутгаас сонгогдсон хэдэн гишүүдээрээ дамжуулан малчдын амьжиргаанд анхаарах нэрийдлээр элдэв янзын төсөл, хөтөлбөр,  хууль санаачлах  зэргээр төрийн эрх мэдэлд санаархаж эхлэв.

Тэгвэл халамжид тулгуурласан явуургүй бодлого малчдад үнэ цэнгүй. Харин улстөржсөн, санал авахад зориулагдсан уялдаа, холбоогүй, үр өгөөжгүй хэрэггүй бодлого чинь жирийн малчдын амьжиргаанд нэмэр биш нэрмээс болж байгааг анзаарсан уу. Жилийн жилд зах зээлийн жамаараа борлуулаад, хэдэн төгрөгтэй залгачихдаг байсан ноолуурыг үнэгүйдүүлж, хэдэн малчдаа хохироочихлоо, энэ төр. Үүнийгээ төрийн зөв бодлого хэмээн сайрхаж, “Гүйх нохойд, гүйхгүй нохой саад” гэгчээр малчдын амьдралаар тоглож дууслаа. Зах зээлийн жамаараа 60 мянган төгрөгөөр тушаах байсан ноолуур нь 40 мянган төгрөг болж үнэгүйдэж, төрийн 20 мянга нэмэгдээд ч тэдэнд дэмжлэг болсон зүйл алга.

Малаа ч, махаа ч ялгахгүй дөрвөн жилийн настай улстөрчид уг нь малчдын хот руу өндөлзөх шаардлагагүй юм.  Тэдэнд  яаж амьдрахыг нь  заахгүй, заалгах ч үгүй. Түүнийх нь оронд малын ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн урт хугацааны бодлого болон цөм сүргийн чанарыг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгтэй байх юм.