ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТББХ: Хуульд нэмэлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-30

Үндэсний бичиг соёл, номын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 11:08 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар төслийн 1 дүгээр зүйлийг “1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 5.1.17 дахь заалт нэмсүгэй: “5.1.17.Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн билээ.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг боловсруулж тараасан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтлоо

Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг аж. Манай улсын хувьд 2000 оноос эхлэн төрийн бус байгууллагууд өөрсдийн санаачилгаар, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэсээр ирсэн билээ.

Иймд иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг үзүүлэх, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, үндэсний бичиг соёл, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор үндэсний бичиг соёл, номын баярыг жил бүр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх эрэлт, шаардлагыг үндэслэн нэр бүхий гишүүд  уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм.


Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

Дараа нь “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Монголчууд 2021 онд Ардын хувьсгалаа ялалтад хүргэж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж. Урьд нь 2001, 2011 онуудад Улсын Их Хурлаас тогтоол гаргаж, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойд зориулсан хүндэт медаль бий болгож байжээ.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.


Санал, дүгнэлтээ дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар танилцуулсан юм.

Төрийн аудитын байгууллага тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 8 байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Аудитад хамрагдсан Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Мөн аудитын дүгнэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн  2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл “Зөрчилгүй” гэсэн дүнтэй гарсан байна. Харин Монгол Улсын Шадар сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Түүнчлэн аудитын түүвэрт хамруулсан санхүүгийн тайлангуудад хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлүүдэд акт тогтоож, зөрчлийг арилгуулах, дахин давтахгүй байх талаар албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.