ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганбат худлаа хэлэн сэтгүүлчдийг цуглуулж, хувийн тоглолт хийв

O.Admin
2021-10-14

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж сэтгүүлчдийг дуудчихаад АН-ын бүлгээс хоёр гишүүн хөөж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Наймдугаар сарын 30-ны өдөр АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан Ц.Тувааныг тус намын дүрэм зөрчсөн гэж намаас хөөх шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хүн АН-ын бүлгийн гишүүн гэж явж байлаа.

Гэтэл УИХ-ын тухай хуульд намын бүлэгт зөвхөн тухайн намын гишүүн ажиллана гэж заасан учраас Ц.Тувааныг АН-ын бүлгээс хөөж байна. Мөн тус хуулийн дагуу өөр намаас сонгогдоод намын харьяалал сольсон, бие даан нэр дэвшээд намаа сольсон УИХ-ын гишүүд ч намын бүлэгт ордоггүй.

Би Их хурлын хуулийн хэлтсээс лавлагаа авсан. Тиймээс МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан УИХ-д орж ирсэн ч АН руу орж ирсэн С.Ганбаатар, бие даан нэр дэвшиж ялалт байгуулаад мөн нам руу орж ирсэн Н.Алтанхуяг нарыг бүлгийн хуралд оролцуулахгүй” хэмээжээ.

Гэвч энэхүү шийдвэрийг АН-ынх нь бусад гишүүд, тэр байтугай намаас хөөгдсөн гэх Ц.Туваан нарын гишүүд ч мэдээгүй аж. УИХ дахь АН-ын бүлгийг даргалж буй Д.Ганбат нь туршлагагүй, намын бүлэг удирдах хэмжээнд боловсроогүй хэмээн түүнийг албан тушаалаас нь буулгах асуудал яригдаж байгаа ч тэр ийнхүү түрүүлж нүүдэл хийж, өөрийнх нь эсрэг байгаа бүлгийн гишүүдээ намын бүлгээсээ хөөж “том” тэнэглэв. Угтаа бүлгийн гишүүнийг хөөх эрх мэдэл зөвхөн намын даргад байх бөгөөд АН-ын бүлгийг толгойлдог улстөрч бүлгээс байтугай намаас гишүүн хөөх эрхгүй ажээ.