УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацааг дууссан гэж үзэж буй.
Улмаар оронд нь томилох эрхмийг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хамгийн олон санал авсан хүнийг АТГ-ын даргаар томилуулах саналаа өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлсэн юм.
Тэгвэл уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд, хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно' гэсэн байдаг. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, нөхөн томилогдсон ч тухайн өдрөөс хойш зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санааг хуульд тусгажээ. УИХ дахь МАН-ын бүлэг үүнээс өөр асуудал хэлэлцээгүй байна.